Хүн бүр их бага ямар нэг хэмжээгээр заавал алдаа гаргаж байдаг. Гэвч хүнгаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч юун түрүүнд хариуцлага хүлээж цаашлаад алдаагаа засах боломжийг эрэлхийлэх ухамсартай байх ёстой. Энэхүү чанар бол хүн байхын дээд чанар. Ямар ч алдаа гаргасан байлаа, түүнийг засах алтан боломж ямар нэг хэлбэрээр заавал эргэж олддог. Харин тэр боломж байнга олдоод байдаггүй, бас удаан хүлээдэггүй. Алдаа болоод урвалтыг шийтгэл мөнхөд дагадаг нь бас л хүний ертөнцийн хууль. Ямар ч шалтгаанаар алдаа гаргасан бай түүнд хамаарсан шийтгэл оноогддог жамтай. Бурууг залруулж болдог. Гэхдээ нэгэнт хийгдсэн алдаатай үйлдлийг бүрэн засахад маш түвэгтэй. Учир нь хохирогч хохирогчоороо л үлддэг. Гэхдээ алдаа гаргаж, бусдыг хохироогчийг шийтгэх нь гарцаагүй. Үндэстний баялгийг хулгайлж, цөөн хэдэн гэр бүлүүд хэмжээ хязгааргүй баяжиж, ард түмэн нь ядууран доройтож, эцэстээ бослого хөдөлгөөн өрнөж, иргэний дайн эсвэл гадны нөлөөнд автагдаж буй олон бодит жишээг бид өнөөдөр харж байна. Улс орондоо дарангуйлал тогтоон нийгмийн сайн сайхны төлөө зарцуулагдах баялгийг өөрийн хувьдаа ашиглан ард түмнээ боол мэт үзсэний эцэст юу болж байгааг Египет, Ирак, Ливээс харж болно. Улс орноо авилгалд автуулж, улсын мөнгийг хувьдаа завшсан эдгээр орны удирдагчдын хувь заяа манай эрх баригчдыг ч мөн адил тойрохгүй дайрч таарна. Сүүлийн хорин жилд улс төрийн өндөр алба хашиж байсан хүмүүсийн уршгаар өнөөдрийн энэ нийгэм, улс төр, эдийн засаг, оюун санааны хямралт байдал бий болсон. Өвөг дээдэс маань зуун зууны турш халуун цус, алтан амиараа хамгаалж, өвлүүлсэн газар шороог өнөөдөр гадныхантай нийлэн ухаж, хордуулж буй үйлдэл хэмжээ хязгаараа алдлаа. Далан жил өвөө, эмээ нарын хөлс хүчээ урсган бий болгосон бүтээн босголт, баялгийг хувьчлал нэрээр худалдаж, хуваан идэж, задлан хятад руу зарцгаалаа. 1939, 1945 он миний өвөөгийн амиараа хамгаалсан Халхын голын газар нутгийг өнөөгийн удирдагчид Солонгосчуудад зарчихлаа. Бидний өвөг дээдэс хэний төлөө, юуны төлөө амиа зориулсан юм бэ? Хамтаараа сайн сайханд хүрнэ хэмээн хамуг олноороо элэг бүтэн, идэх хоол, өмсөх хувцастай, ажилтай, архигүй амьдарч байсан үндэстэнг ардчилал, хүний эрх, эрх чөлөө гэх хоосон уриагаар төөрөгдүүлж, индивидуал гэх хүн бүр амиа бодох үзлээр толгойг нь эргүүлэн төөрөгдүүлж, өнөөдөр монголын хүн амын 70 хувийг гуйлгачин, ядуу болголоо. Хаа сайгүй үхэл, хагацал, үзэн ядал, гэмт хэрэг, солиорол, осол аваар, утаа, манан, тортог. Монголд ямар дайн болоод байгаа юм бэ? Хэний эсрэг хэн байлдаад байгаа юм бэ? гэсэнтэй адил сэтгэгдэл өөрийн эрхгүй төрөх юм. Монголчууд Монголчуудынхаа эсрэг үү? Үгүй ээ Монгол биш хоноцын сэтгэлтэй хүмүүс илжирээд устах махан биений жаргалын төлөө гадныхантай нийлж монгол үндэстнийг мөхөөж байна. Нүдний минь өмнө туйлдан унаж буй МОНГОЛ-оо зүгээр хараад сууж чадахгүй нь. Энэ улсын ирээдүй болсон хүүхэд багачууд гудамжинд гуйлга гуйн гүйцгээнэ, хүний наймаанд өртөцгөөнө, насандаа дэндүү ахадсан хөдөлмөр хийцгээнэ. Ээж аавынхаа өвөр дээр эрхлэнхэн суух насан дээрээ уурхайн хаягдлаас нүүрс түүн өдрийн хоолоо залгуулах тэрхүү бяцхан дүү нар хэний өмнө гэм хийсэн юм бэ? Яагаад ингэж хатуу хандана вэ? Нөгөө хүүхдийн эрх чинь хаачсан бэ? Хотын хорт утаа, агаарын бохирдлоос болж хичнээн үрс эхийнхээ хэвлийд эндэж буйг бид тооцож чадаагүй байна. Энэ Монгол оронд монгол хүн болж төрөх нь шийтгэл юм гэж үү? Элбэгдоржийн өмнө, Баярын өмнө, Батболдын өмнө эхтэйгээ хамт гуйлга гуйн суугаа хүүхэд ямар гэм хийсэн юм бэ? Та нарын өмнө Монголын үрс, Монголчууд ямар гэм хийсэн юм бэ? Та нар тэр гудамжинд буй хүүтэй адил хүүхэдтэй бас ачтай. Та нарт хүн чанар байна уу? Миний ард түмэн дэндүү тэвчээртэй та нарыг хүлээж байна. Мөнхийн тэвчээр гэж байдаггүй. Өнөөдрийн луйварчид энэ маягаараа Хамуг Монголын сайн сайхны төлөө байгуулагдсан төрд удаан сууна гэж байхгүй. Хааны алба халаатай гэсэн эртний үгийг сануулахад илүүдэхгүй . Хүмүүсийн эрхэм чанарууд гээгдэж харин бие биенийгээ үзэн ядсан, хардсан, шуналтсан бас хажигласан муу бүхэн цэцэглэж байна. Сэтгэлийн өвчтэй хүмүүсээр Шар хадны эмнэлэг нь дүүрч, улмаар гудамжаар сул алхацгаана. Сэтгэл сэртхийлэгсэн аймшигт гэмт хэргүүд шил дараалан гарч нийгмийг цочоолоо. Шорон гянданг нэмэгдүүлж бариад ч түүнд нь хоригдлууд нь багтахаа байлаа. Өнөөдрийн эрх баригчид хулгайлж авсан баялгаа бусдад гайхуулах, өөрийгөө баян хүн хэмээн өдөр бүр телевиз, сонингоор сурталчилах нь үнэхээр эмгэнэлтэй. Монголд өөрийгөө баян гэж байгаа хүмүүс дотор жинхэнэ баян хүн ганц ч үгүй. Бүгд нийгмийн баялгаас хулгай хийцгээсэн хүмүүс гэдгийг Монголчууд мэдэж байгаа. Хэн хэн юу юуг хулгайлж, хувьчлал нэрээр хувьдаа авсныг хүртэл бүгд мэдэж байгаа бас мартаагүй байгаа. Бохир аргаар олж авсан мөнгөөр гайхуулах нь ухамсаргүй хэрэг. Тэдний үр хүүхэд нь хулгай хийсэн бохир мөнгөөр сургуульд сурч бас бусдад гайхуулцгаана. Монголын ард түмнийг гудамжинд гаргаж, тэднээс дээрэмдэж авсан мөнгийг хүүхдүүд нь гэр бүл нь, хамаатнууд нь бас аав ээж нь хоол болгон идэж бас найралцгааж байна. Та нар Хамуг Монголын жаргалаар найралж байна. Та нар хоол болгон идэж, дарс болгон ууж, сууж яваа машины чинь мөнгө тэвчээр алдан бөхийх монгол эцгийн харуусал, хүүхдээ тэжээх гэж зовлонг туулах монгол эхийн нулимс, ээж аавыгаа хүлээн өлсөн суугаа хүүхдүүдийн аврал эрэн бүлтгэнэх хүүгийн нулимс, харуусал, гомдол юм. Хулгайчийн хүүхэд хулгайч л болох тавилантай ажээ, Монголд. Өөрсдийгөө хунтайж, гүнж нар хэмээн өргөмжилсөн учраа мэдэхгүй залуус эцэг эхээсээ яаж хулгай хийж, худал хэлж цаашлаад гэмт хэрэг хийх тэрхүү жорыг өвлөцгөөнө. Энэ бүхэн Монголчууд бидний нүдэн дээр явагдаж байна. Үүнийг Монгол хүн бүр харж байгаа. Залуус минь оройтоогүй байна. Амьдралдаа битгий толбо тогтоогооч. Алдаа гаргасан бол шийтгэл заавал ирдэг. Өнөөгийн эрх баригчид уулан дээр суварга босгож, хот хөдөөгүй хүн малын хөшөө босгоод ч өршөөгдөхгүй. Хавтгайрсан найр хийж, баяр тэмдэглүүлээд ч, бөх барилдуулж, эрлийз, хурлийзаар нь морь уралдуулаад ч өршөөгдөхгүй. Зургаан зуун уртын дуучин дуулуулж, есөн зуун ерэн есөн морин хуурч хуурдуулж, зургаан зуун ламаар ном хуруулж эсвэл дөрвөн мянга ерэн зургаан бөх барилдуулаад ч өршөөгдөхгүй. Дөчин мянга есөн зуун бөх барилдуулаад өршөөгдөхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүн бүрийн энгэрт алтан гадас тэмдэг зүүгээд ч мөн нэмэргүй. Эрх баригчид хоёр сонголтын өмнө ирээд байна. Алдаагаа хүлээж ялаа хөнгөлүүлэх үү эсвэл Иракийн Саддам Хусейн эсвэл Египетийн Мубаракийн хувь тавиланг сонгох уу гэсэн хоёр зам байна. Алдаагаа хүлээж хариуцлага хүлээхээс өөр алдаагаа засна гэсэн ойлголт байхгүй ээ. Алдаа нь дэндүү их. Оюу-Толгой, Таван толгой, Цөмийн хаягдал, Халх голын сав газрыг худалдсан зэрэг Монгол Үндэстний эсрэг хийсэн урвалтууд мөн монголд явуулсан оюуны террорист үйлдлүүд хүртэл багтана. Монгол хүнийг доромжилж, туйлдуулж, архидуулж, худалдаж, дүрвүүлж, цагаачлуулж, өнчрүүлж, хагацуулж бас хүчиндсэний хариуцлагыг сүүлийн хорин жил эрх мэдэл хашиж байсан хүмүүс хүлээх болно. Тэдний тулгах ял яг л Египетийн Мубаракт тулгаж буй ялтай адил байх болно. Авилга авч, цэцэглүүлсэн болон сайн, сайхан, чөлөөтэй амьдралынхаа төлөө жагссан хүмүүсийг хүчээр дарж амь насыг нь хөнөөсөн. Хорин жилийн турш төрд суухдаа эрх мэдлийг урвуулан ашиглаж монгол үндэстний хөгжлийг хойш татаж, сэтгэл санааны болон материаллаг хохирол учруулсан зэрэг зүйл ангиудаар яллагдах болно. Энэ бол гарцаагүй. Мөн тэдний хамсаатан хамаатнууд ч багтана. Бизнесмэн нэртэй олигархиудын мөнгийг угаагчид ч мөн адил хамаарагдана. Мөнгөө аваад Америкт оччихсоноо саран дээр оччихсон мэт эндүүрүүзэй. Хавтгай дэлхийгээс хаашаа ч зугтах аргагүй гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Та нар Швейцарын банкинд хулгайлж авсан мөнгөө хадгалуулсан ч авч чадахгүйд хүрнэ. Яагаад гэвэл та нарын хулгайлсан бохир мөнгийг Оросын олигархиудын мөнгийг хураасантай адилаар олон улсын зохих байгууллагууд арга хэмжээ авна. Ингэснээр та нарын ял дахин нэмэгдэнэ, үндэстний баялгийг гадагш хууль бусаар шилжүүлсэн гэх зүйл ангиар. Зөвхөн хулгайч нарт эмгэнэлт хувь тавилан тохиолдох биш та нарын үр хүүхэд, ач нарт ч тохиолдоно. Та нарын хүүхдүүд, ач нар та нараас болж эх орондоо амьдрах аргагүй болж гадаадад дүрвэн амьдрах гунигт хувь заяа тэднийг угтана. Энэ явдал хэдэн үе дамжин явагдана. Хойч үе чинь үхэн үхтэлээ та нарыг хараан, үзэн ядан амьдрах болно. Хамгийн үнэтэй зүйл бол эрх мэдэл, эд баялаг бус харин эх орон, ард түмэн байдаг. Гэхдээ энэ байдлаа эрт ухамсарлан өршөөгдөх боломж бас бий. Хэрэв боломжийг олж харж чадахгүй хуучин аргаараа Хамуг Монголчуудыг хуурах гэж байгаа бол “одоо ямар ч тийм боломжгүй” гэдгийг Хамуг Монгол сануулж байна. Цаг цагаараа байдаггүй гэдэг. Монгол хүн өөрчлөгдөж байна, тэд худлааг таньлаа, хулгайч нарын арга залийг ч мэдлээ. Тэд дахиж та нарт хууртахгүй. Харин та нарт дээрэмдүүлснээ буцаан авч, доромжлуулсныхаа хариуг авах гэж нэгдэн босож байна. Боломжийг ашиглаж, өөрийн бурууг хүлээж Монгол үндэстнийг цөлмөсөн гэмт хэрэгтнүүдийн эсрэг хийх тэмцэлд тус болох замаар гэмээ наминчлах боломж байна. Сайн дураараа эрх мэдлээ өгч, сайн дураараа намаасаа гарч, намуудыг татан буулгах ёстой. Энэ бол өршөөгдөх хамгийн зөв боломж. Өөр боломж үгүй. Алтан боломжийг алдваас дахин хэзээ ч ирдэггүй. Гартаа олдсон боломжийг чанга атгаад сэтгэлээ ариусгаад ард түмэнтэйгээ нэгд. Хүлээх цаг үгүй гэдгийг хатуу ойлго. Хамуг Монгол сэрлээ, бослоо. Ялах нь гарцаагүй. Боржигон овогт Баатарын Хишигтэн
Эрх баригчид яаж өршөөгдөх бололцоотой вэ?


0 Сэтгэгдэл:
Post a Comment