ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХЭД БЭЛЭН БОЛСОН МОНГОЛ ОРОН

2011 оны 9-р сарын 06, Мягмар гариг, 08:23
/Нийгмийн сэтгэл зүй, иргэдийн санал бодлын байдалд задлан шинжлэл хийсэн судлаачийн эргэцүүлэл/

Энэ жилийн зун шувтарч, намрын их ажил эхэллээ. Хүмүүсийн амралт шувтарч, түүнтэй хамт түр зуур боловч нам гүмхэн “амарсэн” их улстөр нойроос сэрж байна. Удахгүй УИХ-ын намрын чуулган эхэлнэ. 2008 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан “эвслийн”, “стандартын бус”, “хамтарсан” гэх зэрэг янз бүрийн тодотголтой явж ирсэн Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагаанд албан ёсны үнэлэлт дүгнэлт өгнө. УИХ дахь намын бүлгүүд хаврын чуулганы төгсгөлд тус тусдаа хуралдаж санал бодлоо илэрхийлцгээсэн. Хоёр намын хамтарсан Засгийн газрын Мөрийн хөтөлбөрийн биелэлтэд АН-ын гишүүд хангалтгүй гэсэн дүн тавьсан. МАН-ын бүлгийнхэн ч хэрэгжилт сайн гэсэн дүн тавихаас зайлсхийж бултацгаасан.

Харин Засгийн газрын тэргүүн, сайдууд нь болохоор бид сайн ажиллаж байгаа гэж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр эцэс төгсгөлгүй ярьж сурталчилж байгаа. Тэдний хамгийн хэлэх дуртай үг бол бид Оюу толгойн гэрээг байгуулж, олон жилийн гацааг арилгаж хөгжлийн хүрдийг эргүүлж чадлаа гэдэг. Бас Тавантолгойн үүцийг задалж ард түмнээ баяжуулах замыг шулуутгалаа гэж цээжээ дэлддэг. Монгол Улсын эдийн засгийн өсөлт түүхэнд байхгүй хэмжээгээр өслөө. Энэ бол бидний гавьяа, түүхэнд тэмдэглэгдэж үлдэнэ гэцгээдэг. Хэн нь үнэн хэлээд, хэн нь худал яриад байна. Энэ асуултад хариулах гэж оролдъё. Тэгэхдээ өөрөө мэдэмхийрч үүнд шууд хариулах боломжгүй нь ойлгомжтой. Би бол эдийн засагч биш, нийтлэлч хүн. Тийм болохоор өөрийн захиалж уншдаг хэд хэдэн сонинд сүүлийн нэг жилийн дотор улстөрчид, эдийн засагчид, эрдэмтэд, иргэд дээрх гурван асуудлаар юү гэж бичиж санал бодлоо илэрхийлж вэ гэдэг дээр тулгуурлаж ярья гэж шийдлээ.

Хамтарсан Засгийн газрын хоногийн тоо гүйцэж байгаа бололтой

Хамтарсан Засгийн газар 60 мянгаас доошгүй ажлын байр бий болгоно. Өрхийн сарын дундаж орлогыг 1.0 саяас доошгүй төгрөгт хүргэнэ. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг гурав дахин өсгөнө гэж амласан. Гэтэл биелсэнгүй. “Өнөөдөр монголын 2,5 сая хүн амын 37,8 хувь нь ядуу, хөдөлмөр эрхлэх насны 1,1 сая орчим хүн ажилгүй гэсэн /2011 оны эхний зургаан сарын байдлаар/ судалгаа гарч байна” гэж “Зууны мэдээ” сонин анхааруулжээ. Тавантолгойд нүүрс тээвэрлэж буй 4000 жолоочийн 3000 нь хятад иргэд байна. Монголчуудын хүнсний аюулгүй байдалд хамтарсан Засгийн газар онцгой анхаарна гэж амласан боловч хүнсний бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногооны 90 хувийг өмнөд хөршөөс авдаг хэвээрээ байна. Долоо хоног бүрт ургийн нэг гажиг илэрч байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна гэжээ. /Л.Хэрлэн “Хоёр намын хамтран ажиллах Мөрийн хөтөлбөрийн 90 хувь нь биелсэнгүй” /№138/3828, 2011.6.9/. Ноцтой баримт биш гэж үү?

“Эдийн засгийн өндөр өсөлт болгон үр ашигтай биш шүү дээ. Зарим орон яагаад эдийн засгийн өсөлтөө хязгаарладаг гэж бодож байна. Зүгээр л өсөлт ажиглагдаж байвал өрөөсгөл. Огцом өсөлт эргээд олон сөрөг үр дагавар дагуулдаг. Хамгийн түрүүнд эдийн засаг халдаг. Өөрийнхөө хэрэгцээг хангаж чадахгүй байдалд хүрнэ. Түүнээсээ болж их хэмжээний импортлогч болж хараат болно. Өр зээлд орно... Манайх шиг хүн амын гуравны нэг нь ядуу амьдралтай улсад нэг хувийн инфляц ч том дарамт болно. Монголбанкнаас өгч байгаа анхааруулга, сэрэмжлүүлгийг тоохгүй байх учиргүй” гэж УИХ-ын гишүүн Ч.Улаан “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ. /Эдийн засгийн өсөлт бүхэн сайн зүйл биш. /№146/4310, 2011.06.24/. Монгол Улсын Сангийн сайдаар цөөнгүй жил ажилласан гавьяат эдийн засагчийн амнаас энэ үг зүгээр ч нэг уначихаагүй л болов уу. Тэгэхлээр улс орны эдийн засгийн өсөлт сайн байгаа, бид сайн ажиллаж байна гэж өөрсдийгөө үнэлэх нь арай л эртдээд байнам бус уу. Эдийн засаг өсч, улс орон урагшлан хөгжиж байгаа юм бол манайд ядуурал яагаад буурахгүй байна вэ? Ажилгүйдэл яагаад өсөөд байгаа юм бол. Энэ асуултад сэтгүүлч Б.Номинчимэд тоо баримтаар хариулах гэж оролдсон байна. “Монголчууд бидний ядууралд хэн буруутай вэ?” хэмээх нийтлэлдээ тэрбээр “1990 онд дэлхийн нийт хүн амын 41,69 хувь нь туйлын ядуу гэсэн зэрэглэлд байсан бол 16 жилийн дараа 25,19 болтлоо буужээ. Гэтэл манай оронд ядуурлын хувь огтхон ч буурсангүй... Та бидний гурван хүн тутмын нэг нь буюу бараг 900 мянга гаруй монгол иргэн өдөр тутам өлөн зэлмэг аж төрдөг.

Өнөөдөр Монголын арилжааны банкууд дахь хадгаламжийн нийт дүн 2 их наяд орчим төгрөг байна гэсэн мэдээлэл байна. Дунджилбал нэг монгол иргэнд 750 мянга орчим төгрөгийн хадгаламж ногдоно. Монголчуудыг хэн ядуу гэх юм бэ? Гэтэл энэ мөнгөний 98 хувийг нийт хүн амын хоёрхон хувь эзэмшдэг аж” /”Зууны мэдээ”, №110/3800, 2011.5.6/. Сэтгэл сэртхийлгэмээр тоо байгаа биз? Хүн ам нь ийм ядуу зүдүү, өлсгөлөн гуйланчлалын байдалд аж төрж байхад Засгийн газар өөрийгөө маш сайн ажиллаж байгаа гэж яаж хэлж чадаж байнаа. Монголд баян, хоосны ялгарал бараг гэрлийн хурдаар өсч байгаа нь бодит үнэн юм. Үүнийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар Л.Түдэв гуай “Ганган тэрэг уначихсан, гар утас барьчихсан, гадаад улсаар хэсүүчилчихсэн, газрын наймаа эрхэлчихсэн, гарын бэлтэй болчихсон монголчууд урд цагт хэзээ ийм олон байлаа. Хог новш ухчихсан, хонгил нүхэнд хоноглочихсон, хоолны шавхруу тамшаалчихсан, хоёр гараа тосчихсон монголчууд урд цагт хэзээ л ийм олон байлаа. Архинд донтчихсон, авгай хүүхдээсээ салчихсан, ажил хөдөлмөрөөс төсөөрчихсөн, аваарь осолд өртчихсөн, аллага зодоонд гаршчихсан, аав ээжийгээ гөвшчихсөн, авилгалд амташчихсан монголчууд хэзээ л ийм олон байлаа. Ажилгүйг нь ажилтай, авиргүйг нь журамтай, арчаагүйгий нь асрамжтай, авилгачдыг нь хазаартай болгоход төр засаг хүчин мөхөсдөж байна уу гэдгийг л тунгаан бодох хэрэгтэй юмсандаа” хэмээн Монголын нийгмийн өнөөгийн үнэн бодит байдлыг нүдэнд үзэгдтэл дүрслэн, халаглан бичжээ /”Өдрийн сонин”, 2010.06.29, №154/3544/. Бүтээл гаргах мөрөөдлөөр суралцдаг залуу/.

Хамтарсан Засгийн газрын нэрийн хуудас болсон Оюутолгойн гэрээ гэгч нь Монгол Улс, монголын ард түмний үндэсний эрх ашигт нийцэж байгаа юу гэдэгт эргэлзэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Ардчиллын 13-ын нэг Дарь.Сүхбаатар “Оюутолгойн гэрээг хянаж үзэх гэдэг дээр хатуу зогсож байгаа” /”Зууны мэдээ”, №293/3671, 2010.12.9/. Аливаа түүх, тэр тусмаа ардчиллын түүх үнэн байх ёстой/ гэж мэдэгдсэн бол Баабар “Оюутолгойн гэрээ тун тааруу болсон” гэж баталжээ /”Өдрийн сонин”, №194/3826/, 2011.05.18/. УИХ-ын гишүүн Н.Батбаяр Монголоо худалдсан хэрэг мөн биз дээ? гэж сурвалжлагчаас асуугаад “Хатуухан хэлбэл луйврын гэрээ болжээ. Оюутолгойн гэрээ байгуулагдсанаас болж Монгол Улс дөрвөн тэрбум ам.доллар алдчихаад байна” гэсэн бол УИХ-ын гишүүн З.Энхболд “Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аас баталж өгсөн зарчмын дагуу хийгээгүй” гэсэн байна. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Айвенхоу Майнз” компанийн халаасны хүмүүс Засгийн газарт шургалчихсан гэж тухайн үед нь ил тод шүүмжилж байсан бол УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Тодорхой эрх мэдэлтнүүд,улстөрчид ард түмнээр тоглож болохгүй. Би Оюутолгойн гэрээг эсэргүүцдэг. Энэ гэрээ баталснаар улстөрийн маш том гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэжээ. /”Зууны мэдээ”, 2010.12.14, №297/3675/. Оюутолгойн гэрээ ба эх оронч байр сууриа хамгаалсан гишүүд/.

УИХ-ын гишүүн Н.Батбаяр уг асуудлыг бүр ч хурцаар хөндөн тавьж “Өөрийнхөө улсын эрх ашгийг уландаа гишгэчихээд харийнхны эрх ашгийг дээдлээд байгаа Засгийн газар, түүний гишүүдийг зөвтгөөд суугаад байхыг харахаар Монгол Улс хаашаа яваад байна даа гэж бодогдох юм.

Монголд өнөөдөр төр гэсэн зүйл байхгүй болчихоод байна. Хэдэн ченжүүд, гадныхан л мэддэг болж. Ийм байхад Засгийн газрыг сайн ажиллаж байна гэж өмөөрч... хамгаалах гэж үү...

Хэн монголын төрийг бариад байгаа юм бэ? Монголын төрийг Фрийдланд гэдэг хүн бариад байна уу, эсвэл С.Батболд гэдэг хүн удирдаад байна уу гэдэгт би эргэлзэх болсон” гэж шулуухан мэдэгдсэн байна/”Өдрийн сонин”, №119/3821/, 2011.05.12/.
“Зууны мэдээ” сонины “Оюу толгой дахь Монголын хувь 34 биш, ердөө 7” гэж гарчигласан нийтлэлд УИХ-ын гишүүн Н. Батбаяр “Ингэж Монголоо худалдаж болохгүй биз дээ. Бүхэл бүтэн улсыг ард түмэнтэй нь нийлүүлээд гадаадын аль нэг компанитай нийлээд хуурна гэж байж болохгүй асуудал. Эртхэн алдаагаа засаад уучлал гуйх ёстой” гэлээ. УИХ-ын гишүүн З.Алтай “Хэлэх ч үг алга. Хамтарч их сайхан болно гэж итгээд л зүтгэсэн. Гэтэл улс орныг минь юу болгоод тавьчихав аа. Тэд чинь эх орноо тавиад туучихсан юм байна шүү дээ” гэсэн бол Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Оюутолгойг тавиад туучихаад хариуцлага яагаад хүлээхгүй байна вэ. Хэн дуртай нь эх орноо барьцаалаад зээл авч, улстөрийн суудал авах ёсгүй” гэж мэдэгдэв. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Оюу толгой бол үнэхээр Монголд ашиггүй гэрээ болсон” гэж хэллээ гэж мэдээлсэн байна /№006/3645/, 2010.11.8/.
Би энд гол төлөв Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтнүүдээс Оюутолгойн гэрээний талаар хэлсэн үгнээс иш татаж авлаа. Тэд эрхбиш нэгийг мэдэж байж таарна. Улс орны хувь заяаг дааж төр засгийн жолоог атгалцаж яваа эрхмүүд яалаа гэж худал хэлэх билээ. Үүнээс үзвэл хамтарсан Засгийн газрын өнгөрсөн үйл ажиллагааны гол гавьяанд тооцогддог Оюутолгойн гэрээ гэгч аргагүй л хуудуутай болсон болж таарч байна.

Одоо тэгвэл өнөө маргаашгүй үүцээ задлах гэж байгаа, түрүүчээс нь урд хөрш рүү өдөр шөнөгүй зөөж эхэлсэн Тавантолгойн тухай хүмүүс ямар санал бодолтой байгааг авч үзье. Учир нь Тавантолгойн уурхайг ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулах, олон улсын тендер зарлаж шалгаруулах энэ ажил хамтарсан Засгийн газрын томоохон гавьяаны нэгд зүй ёсоор тооцогдож байгаа юм.

Тавантолгойн асуудлыг гардан эрхэлж буй эрхтэн дархтангуудтай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзаж ярилцах үеэрээ сүрхий бухимдаж энэ Тавантолгой дээр ер нь юу болоод байнаа. Иргэдэд хэзээ хувьцаагаа тараах юм бэ гэж шахаж шаардсан тухай “Өдрийн сонин” мэдээлээд уг уулзалт дээр Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном “Та нар наад уурхайнхаа талыг нь гадаадынханд өгчихсөн юм байна билээ шүү дээ. Тэгэхээр тэр гадаадынхнаасаа бас арван хувийн хувьцаа салгаж иргэддээ тараа. Тэгэж байж сая наад 536 ширхэг хувьцаа чинь бүрдэнэ. Одоогийнхоор бол аягүй бага газраас олсон ашгийн арван хувийг хоёр сая иргэндээ өгөх болчихоод байна. Тэгэх юм бол дэндүү өчүүхэн бараг нэрийн хор төдий юмаар иргэдийг хуурах гээд байна” гэж хэллээ гэсэн байна /№093/3795/, 2011.04.12/. “Өдрийн сонин”-ынхон уг хөндсөн сэдвээ улам лавшруулж дараа өдрийнхөө дугаарт Д.Содном гуайгаас ярилцлага авч нийтэлсэн байна. Тэрбээр сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “Тавантолгойн асуудал нэг л буруу тийшээ яваад байгаа юм шиг санагддага боллоо” гэжээ /№094/3796/, 2011.04.13/.
Уг сэдвийг өдөр тутмын бараг бүх сонин хөндөж цөөнгүй нийтлэлээ зориулж байна. “Зууны мэдээ” сонин Засгийн газрын үйл ажиллагааг “Тавантолгойн 90 хувийг ард түмнээс нуух мэх” гэж нэрлэсэн бол /№91/3781/-д үз/, манай уул уурхайн чиглэлийн нэртэй мэргэжилтэн, эрдэмтний нэг доктор С.Авирмэд “Энэ бол С.Батболдын толгойлсон Засгийн газар иргэдээ хууран мэхэлж байгаа үйл ажиллагаа гэж ойлгож байгаа” хэмээн ил тод мэдэгджээ/”Зууны мэдээ”, №97/3787/, 2011.4.21. Тавантолгойн өрөм бол яалт ч үгүй Цанхи/. Эрдэмтэн С.Авирмэд өөр нэг ярилцлагадаа “Үр ашгийн тоцоо хийгээгүй байж хувьцаа тараана гэж Д.Сугар, Сү.Батболд, Б.Энэбиш нар ард түмнийг хуурч байна” гэж дээрх санаагаа улам лавшруулсан байна /”Зууны мэдээ”, №127/3817/. Ц.Мянганбаяр. Тавантолгойн ТЭЗҮ хийгдээгүй, төр ард түмнийг хуурч байгаа/.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ж.Батзандан “Өдрийн сонин”-ы сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа “Тавантолгойг ашиглахтай холбогдон гарсан УИХ-ын 39 дүгээр тогтоол үндсэндээ хэрэгжихгүй байна... Иргэдэд өгсөн, өгнө гэж байгаа 536 ширхэг хувьцаа нь нэг ч төгрөгийн үнэ цэнэгүй байна...
Монголын ард түмэн хувьцаа эзэмших ёстой. Олигархжсан төрд олон нийтийн хяналт оруулъя гэсэн зорилготой гарч ирсэн... Ний нуугүй хэлэхэд тохиролцооны дэлгүүр шиг улстөр Монголын төрийг баллаж байна. Үүнийг л би эсэргүүцээд байгаа юм. Бизнес дэх улстөрийн оролцоог аль болох багасгах ёстой. Улстөрчдийн үл ойлголцол, увайгүй зан, тэдний өчүүхэн шунал тачаалаас болоод Эрдэнэс Тавантолгойн төсөл гацаад байна” гэжээ. /№159/3861/, 2011.06.30, Ж.Батзандан: Би ТУЗ-д орохдоо хэдэн дарга нарыг даган баясах гэж ороогүй/.

Монгол Улсын ҮАБЗ-ийн шинжээч Б.Алтан-Очир ”Өнөөдөр” сонины сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөл чанаргүй болсныг шүүмжлээд “50 гаруй хүнийг ажиллуулах гэж өнгөрсөн хугацаанд хэдэн зуун сая төгрөг зараа байлгүй... Тэгээд оруулж ирж байгаа эцсийн баримт нь энэ. Уг гэрээгээр цааш явах юм бол Монголын ард түмэн, төрд ямар ч ашиг байхгүй...

Өөрт байгаа, дэлхийг шуугиулсан ганц үүцээ иймэрхүү бичиг цаасаар ашиглавал бид Баруун Цанхийнхаа хэсгийг алдаж байна л гэсэн үг” гэсэн байна /№167/4331/. 2011.07.27. Энэ гэрээгээр явбал бид баруун Цанхиа алдана/.

Д.Содном, С.Авирмэд, Ж.Батзандан, Б.Алтан-Очир нарын санал шүүмжлэл ийм аж. Эндээс Засгийн газар Тавантолгойн асуудлыг буруу тийш нь зүтгүүлээд, ард түмнээ хууран мэхлэх гээд ч байгаа юм шиг, улстөрчдийн шунал тачаал ажил урагшлахад ихээхэн саад тотгор учруулж байгаа юм байна. Баруун Цанхийг Оюутолгойн нэгэн адил тавиад туучих гэж байгаа аж гэсэн ойлголт эрхгүй төрж байна.

“Монгол” дээд сургуулийн захирал, гавьяат эдийн засагч, доктор Н.Дашзэвэг Засгийн газраас боловсруулаад байгаа Тавантолгойн гэрээний төслийг “Энэ бол олон арван тэрбум ам.долларын ашгийг гадныханд алдах хамгийн муу хувилбар” гэж нэрлээд “Энэ гэрээ хэвээр батлагдвал ард түмэнд олон зуун тэрбум ам.доларын хохирол учирна... зөвхөн нүүрсээр бодоход нэг их наяд ам.долларын баялгаа Ч.Хүрэлбаатар тэргүүтэй хэдэн сайд хатуухан хэлэхэд 500 сая ам.доллараар солих гээд зогсч буйг монгол зүрхтэй хэн ч зөвшөөрөхгүй бизээ” хэмээн анхааруулаад уг асуудал “ил тод биш, цөөн хэдэн хүний хүрээн дэх гэрээ лобби, магадгүй авилгаар шийдэгдэж байна гэж үзэхээс өөр аргагүй. Асрах нэрээр хор уулгаад байгааг Оюу толгой ч, Тавантолгой ч харууллаа... Үндэсний аюулгүй байдалд хортой шийдвэрийг Засгийн газар гаргачихаад байна” гэж сэрэмжлүүлсэн байна /”Өдрийн сонин”, №179/3881/, 2011.07.28, Асрах нэрээр хор уулгаад байгааг Оюутолгой ч, Тавантолгой ч харууллаа/.

“Тавантолгойн гэрээ хаалттай, далд болсон. Ийм гэрээ хийхэд зөвлөсөн хөндлөнгийн шинжээчдээ ил тод болгож өгөөч. Ийм гэрээ хийсэн тэдэнтэй хариуцлага тооцмоор байна” гэж МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Ганбаатар эрс шийдэмгий шаарджээ. “Тавантолгойг гадаадын биш Үндэсний хөрөнгө оруулагчдад хариуцуулж өгөх ёстой. Бид гадаадаас зээл аваад өөрсдөө энэ төслийг хэрэгжүүлж чадна гэдгийг Засгийн газар хамгийн сайн мэдэж байгаа” гэж Ерөнхий сайд асан Д.Содном үзэж байгаа бол “Засгийн газар Хятадаас 250 сая ам.долларын урьдчилгаа авч хувь хишгийн мөнгө тараах хэрэггүй байсан. Монгол компаниуд нийлээд мөнгө босгож чадах байсан шүү дээ” хэмээн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ж.Батзандан, “Засгийн газар маш хариуцлагагүй ажиллалаа” гэж эдийн засагч, доктор Н.Дашзэвэг нар тус тус шүүмжилжээ /”Зууны мэдээ”, №195/3885/. Монголчууд Тавантолгойгоо олборлож чадна гэдгийг бид хамгийн сайн мэдэж байна/. “Өнөөдөр” сонин 2011 оны 5 дугаар сарын 26-ныхаа №124/4288/-д монгол газар нутаг дээрх уул уурхайн орд газруудын байршил, зураглалыг нийтлээд “Монголын стратегийн ордууд ард түмний мэдлээс гарчээ” гэсэн дүгнэлт хийсэн байна. Улстөр судлаач Л.Эрдэнэтуул “Лицензийн наймаа гэж олон гар дамжсан асар их ашигтай наймаа он удаан жил үргэлжилж байгааг хэн хүнгүй мэднэ. Гэнэт баяжуулах увидастай энэ бизнесийн үр дүнд Монголын ордуудын 60 хувь нь гадныхан, ихэнхдээ Хятадын компаниудын гарт орчихоод байгааг юу гэж ойлгох вэ” гэж төр засгийн удирдлагаас асуугаад “Тавантолгойн хувьцаа гэгч нь том багаар гар дамжин арилжигдсаар Монгол гэдэг “орд эзэмшигч-БНХАУ” болж хувирах зам руугаа орж байна” хэмээн анхааруулжээ /”Зууны мэдээ”, №126/3816/, 2011.5.25. “Хаан нүцгэн байна шүү”/.

Төр, засгаас уул уурхайн салбарт явуулж буй бодлогыг Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн хурцаар шүүмжилсэн байна. “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа тэрбээр өөрийн санал бодлыг дэлгэрэнгүйгээр илэрхийлжээ. “Төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна хэмээн Үндсэн хуульд заасан байтал өнөө үед бүх эрх мэдэл мөнгөтэй хэдэн хүнд шилжжээ...

Газрын хэвлийн баялаг ард түмний мэдэлд байна гэж Үндсэн хуульд заасан. Гэтэл нөгөө том ордуудаа ашиглах болохоор ард түмний эрх ашгийн төлөө бус шийдвэр гаргагчид өөрсдийн эрх ашигт нийцүүлэн ашиглаж эхэллээ. Хоёр том “толгойг” хөдөлгөлөө гэж УИХ, Засгийн газар хийсэн ажлынхаа гол зүйл болгож яриад байгаа. Оюутолгойг гадаадын компанид ерөнхийдөө өгчихлөө. Одоо Тавантолгойг хуваагаад сууж байна. Энэ бүхнээс дүгнэхээр авилга, хээл хахууль дээд түвшиндээ нэлээд гүнзгийрсэн нь харагдаж байгаа юм. Оюутолгойн бүх ашгийн 75 хувь нь манай талд ногдоно. Хариуцлагыг нь толгойгороо хүлээнэ гэж 2009 онд Ерөнхий сайд хэлж байсан....

Одоогийн бодит байдлаас харвал ойрын хэдэн жилд Оюутолгойгоос Монгол Улс ашиг олохооргүй байгаа юм. Энэ бүхнээс авилгын шинж харагддаг. Гэрээ байгуулж байгаа хүмүүс их ашиг олдог л юм байгаа биз. Гэхдээ УИХ ажлаа хийх ёстой. Засгийн газраас хариуцлага асуухгүй байгааг бодоход УИХ мэхлүүлээд сурчихаж. Энэ бүхэнд олон нийт дургүйцэж байна.

Монголчуудын өмнө тулгарч буй хамгийн том бөгөөд чухал асуудал бол баялгийн тэгш хуваарилалт юм. 2000 оноос хойш ДНБ зургаа дахин өслөө. Гэтэл хүмүүсийн амьдрал тэр хэрээр өөрчлөгдөж чадсангүй” гэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан энэ хүн дутагдлын нүдийг олоод хэлчихсэн байна. Учир шалтгааны уг үндэс, түүнээс үүдэн гарч буй үр дагавар, хор уршгийг мэргэжлийн эдийн засагчийн хувьд үнэлж дүгнэжээ. Тэрбээр “Улс орон, ард түмний сайн сайхан амьдрал итгэл үнэмшил дээр тулгуурладаг. Гэтэл манай өнөөгийн улстөрчдийн олонхийн шүтээн нь мөнгө болж хувирав. Гадныханд эх нутгийнхаа газар шороо, баялгийг худалдаж байна. Энэ байдалд хүмүүс ихээхэн дургүйцэж байна. Өмчөө хувьчлаад дууслаа. Төрөө ч хувьчлаад дуусах нь гэж би боддог юм” гэж харамсан өгүүлээд Оюутолгойн гэрээг эргэж харах, засаж залруулах боломж бий юү гэсэн сурвалжлагчийн асуултад “Бялуу хуваасан одоогийн төрийн түшээд үүнийг хийнэ гэхэд эргэлзээтэй. Итгэл үнэмшил, зориг тэдэнд алга. Энэ төр засагт гүнзгий өөрчлөлт хийхээс нааш үр дүнд хүрэхгүй болов уу. Хууль, зарчмаа барьдаг болсон нөхцөлд асуудлыг сөхөх биз” хэмээн хариулжээ. Энэ үг юутай гашуун сонсогдож байна вэ. Уншигч та ахин нэгэнтэй эргэцүүлэн тунгааж бодоод үзээрэй. Д.Бямбасүрэн гуай “Оюутолгой компани чинь Өмнөговьд автономит эрхтэй болчих гээд байгаа юм. Өөрийн хилийн боомттой, нисэх онгоцны буудалтай болох нь ээ тэр компани. Энэ бүхнээс үзвэл Фрийдландын эрх ашигт бүхнийг нийцүүлсэн нь харагдана” гэж сэрэмжлүүлэн анхааруулсан байна. Энэ үнэн бол маш ноцтой сануулга юм.

Тавантолгойн асуудлаарх сурвалжлагчийн асуултад Д.Бямбасүрэн гуай “Тавантолгойг тасдаж дуусч байна. Уг нь нэг л орд юм. Тийм учраас нэгдмэл байдлаар шийдэх ёстой байв. Гэтэл төр засаг “Энержи ресурс”-т нийт нөөцийнхөө 20-иод хувийг өгчихлөө. Хятадын “Дайцуки” гээд нэг компани бас ороод ирсэн. Баруун Цанхийг худалдаад эхэллээ. Нэг ордыг бутаргаж идэж байгаа л хэлбэр” юм гэсэн хатуухан хариултыг өгсөн байна. Тэр улс нийгмийн өмнөх тулгамдсан олон асуудал, түүний дотор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэхэд хүртэл хариулт өгч “Сонгууль дөхсөн үед ийм зүйл ярьж байгаа нь нийгмийн хурц асуудлуудаас олон нийтийн анхаарлыг зайлуулах гэсэн оролдлого юм болов уу” гэж өөрийн санал бодлыг илэрхийлээд Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлтийг өгсөн байна. Энэ “Засгийн газрын ажил үүргийн хуваарь тодорхойгүй, үр дүнгүй байна. Төр засаг маань дэндүү чамлалттай ажиллаж байна даа гэж дотроо бодож суудаг” гэсэн товчхон хариулт юм /№106/4270/, 2011.05.05. Төрийн албыг, тэр ч бүү хэл газар шороогоо ч мөнгөөр наймаалдаг болсон байна/.

Өмнийн говьд саяхан ажиллаад ирсэн УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр радио телевизээр эх орныг маань, газар шороог минь энэ Засгийн газар гадныханд худалдчихсан байна шүү дээ гээд нулимс унагах нь холгүй бачимдан хэлж байсан нь огт оргүй шүүмжлэл биш бололтой. Монгол хүн төрсөн нутгийнхаа газар шороон дээр эзэн нь байх эрх энд тэндээсээ хязгаарлагдаж, хайчлагдаж эхэлсэн нь үнэн аж. Үүнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Д.Бямбасүрэн гярхайгаар олж хараад гашуун ч гэсэн үнэн үгийг шуудхан хэлжээ. Ухаантай хүний үгийг төр засгийн дээд түвшинд анхааралдаа авсан байлгүй гэж найдъя. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Өнөөдөр” сонины сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа “Манай байгалийн баялгийг дагаад гадаадын хөрөнгө оруулагчид олноор орж ирж байна. Ажиглаад байхад тэд Монголын төрийг хүчгүйдүүлэхийг хүсэж байна. Аль болох төрийг сулруулж төрийн албан хаагчид, сайд, дарга нарыг худалдан авч өөрөөсөө хараат болгоё. УИХ-ын гишүүд, шийдвэр гаргагчдыг бизнестээ оролцуулъя, авилгадах нэгийг нь авилгадъя гэсэн бодлого барьж байх шиг санагдах юм...

Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол эдийн засгийн гэхээсээ илүү улс орны аюулгүй байдал, гадаад бодлоготой холбоотой асуудал” гэж хэлсэн байна /№163/4327/, 2011.07.22/ УИХ-ын гишүүний энэ үнэлэлт дүгнэлт ч Д.Бямбасүрэн гуайн хэлснийг ахин дахин батлаад байх шиг.

3асгийн газар ололт амжилтыг ч, дутагдал доголдлыг ч Ерөнхий сайдтай өөртэй нь холбож үзэхээс өөр аргагүй. Аль ч улсад тэгдэг. Яагаад гэвэл Засгийн газрын танхимыг Ерөнхий сайд шууд удирдан залж байдагт юм. Уг сэдэв миний уншсан цөөн сонинд мөн л хангалттай хэмжээгээр тусгагджээ. “Зууны мэдээ” сонинд Ө.Батхүү гэдэг хүн “Дотоодын бус гадаадын компаниудыг дэмжсэн Ерөнхий сайдын шийдвэрийг шүүмжилж байна” гэсэн тодотгол гарчгийн дор бичихдээ төр дээрэм хийдэг гэж нэрлээд “Ерөнхий сайд С.Батболд дотоодын биш дандаа гадаадын компаниудад тал зассан шийдвэр гаргаж, тэдний талд үйлчилж байна” гэж шуудхан буруутгасан байх юм /№293/3671/, Үндэсний баялаг бүтээгчдээ үгүй хийх С.Батболдын төлөвлөгөө/.

“Мэдлэгийн капитализм” улстөрийн клубийн тэргүүн Ц.Буянтогтоо “Зууны мэдээ” сонинд “Худал, хулгайн үүр болсон төрийг сайн үйл бүтээнэ гэж хүлээвэл горьдсоны гарз болно. Худалч луйварчид хулгайч төрийг засахгүй. Монголдоо хайртай, өргөн мэдлэгтэй, өөртөө итгэлтэй хүмүүс хулгайч төрийг засна” хэмээн бүр ч хатуухан үгээр шүүмжлэн бичсэн байна /№91/3781/. Монголын шинэ улстөрд хэн ялах вэ?/.

Монгол Улсын гуравдахь ерөнхийлөгч Н.Энхбаяр “Зууны мэдээ” сонинд бичсэн “Манан”-гийн төөрөгдлөөс гарахуй” хэмээх өгүүлэлдээ “Төрөө үймүүлдэг, самардаг нь шуудхан хэлэхэд төрийн албан тушаалтан өөрөө. Ялангуяа төрийн өндөр албан тушаалтангууд” гэж битүүхэн түншсэн байхад /№141/3831/ 2011.6.13/ монголын уншигчдын хэдийний танил болсон тэмцэгч иргэн Н.Даваа “энэ Засгийн газрын тэргүүн С.Батболдын Бороогийн алтны ордын балгаар Монгол Улсын сан болон банкууд алтгүй болсон” гэж шуудхан буруутгажээ /№103/3803/, 2011.04.21. “Өдрийн сонин”/.

Сэтгүүлч Мягмар Ерөнхий сайд С.Батболдыг Монголын том олигархийн нэг гэж цоллосон бол инженер, эдийн засагч Намдагийн Батцэрэг “Олигархиуд та бүхэн одоохондоо үндэсний хөрөнгөтнүүд хараахан болоогүй байна... нэр төрөө цэвэрлэх шаардлагатай байна... Та бүхэн бол ихэнхийг нь луйврын замаар олсон их хэмжээний хөрөнгө хянадаг неохоммунистууд болохоос үндэсний хөрөнгөтнүүд арай биш юм. Товчхондоо та нар хүнд гэмтэй нь үнэн, ял сонсох ёстой боловч үндэсний эрх ашгийн том дэлгэцэн дээрээс харвал бүлгээрээ арчигдахгүй байх нь зөв юм. Арчигдахгүйн тулд жинхэнэ үндэсний хөрөнгөтөн болох тэр зам дээр яаралтай гармаар байна” гэж зөвлөжээ /”Зууны мэдээ”, №92/3782/. Тавдугаар Үндсэн хууль ба ноёд олигархиудад хүргэх үг/.

“Сая Засгийн газар ноолуурын салбарыг дэмжих зорилгоор 110 тэрбум төгрөгийн бонд гаргах санаачилга гаргалаа. Тэр нэр заасан компаниуд дунд Ерөнхий сайдын “Алтай кашемир” компани багтсан байх жишээтэй. Ийм санаачилгыг Ерөнхий сайд гаргах эрхгүй” гэж УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин шүүмжилсэн байхад /”Үндэсний шуудан”, №141/1165/, 2011.6.15. Улстөрчдийн мөнгөний суваг хаагдахаас илүү том эрх ашиг гэж бий/ “Зууны мэдээ” сонинд Ч.Дамдиндорж гэдэг хүн “МАН-ын даргаар “Дамдины Сүхбаатар”-ын хүү С.Батболд тодорсон. Тэр нөхрийг канадуудтай нийлж Бороогоулд гэх компанийн монгол талын ноён болж 40 тонн алтыг тавиад туучихсан гэж эрдэмтэн, эх оронч С.Авирмэд гуайгаас эхлээд эх орныхоо төлөө тэмцэгч Д.Нинж нарын олон хүн хэлж, хилэнгээ барж байгаа” гэсэн байна /№33/3723/, 2011.2.10, МАН ба шинэхэн баячуудын мансуурал/.

“Үндэсний мэдээ” сонин Ерөнхий сайдыг эрхэмсэг, хүчтэй байх ёстой. Гэтэл УИХ-ын гурван гишүүн, танхимынхаа сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргыг дагуулан 700 км урт замыг туулан байж Хятадын даварчихсан компанийн захирлын өрөөнд орж өөрсдийгөө жижигрүүллээ гэж шүүмжилжээ /№114/1138/, 2011.5.13. Хоороороо очиж жижигрэх ч гэж/. Бас л санах, бодох ёстой үг шиг санагдсан.

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Засгийн газар оршин тогтнохын тулд аргаддаг, таалагдах гэж л ажилладаг болсон. Ердөө л наймааны төвшинд ажиллаж байна. Би энэ асуудлыг чинь дэмжье, чи эргүүлээд миний тэрийг дэмжээрэй гэдэг. Ийм маягаар төрийн ажил явахгүй. Эргээд энэ нь төрийг сулруулж, аюулгүй байдалд нөлөөлж, гадна дотны нөлөө гэдэг нь ийм замаар орж ирж байна. Хөгжлийн өнөөгийн шатанд хүчтэй Засгийн газартай байх хэрэгтэй байна” гэжээ /№84/3774/, 2011.4.6.”Зууны мэдээ”/.
Монголын чөлөөт ахмадын холбоо мэдэгдэл гаргаж “Та бүхэн Монголчуудын тусгаар тогтнол, аюулгүй байдал, ардчилал, шударга ёсны төлөө хэмээх уриатайгаар төрийн өндөр албан тушаалд томилогдсоныг монголын ард түмэн мартаагүй байна. Гэтэл сүүлийн үед Хятадын иргэд Монголын хуулийг уландаа гишгээд зогсохгүй монголчуудыг болон Монголын төрийг эсэргүүцсэн үйл ажиллагаа явуулах нь хэрээс хэтэрлээ. Харамсалтай нь энэ бүхнийг та бүхэн чих, нүдгүй мэт даамжруулж байгаа нь монголчуудын эрх ашигт нийцэхгүй байгааг Монголын чөлөөт ахмадын холбоо анхааруулж байна” хэмээжээ. /№201/3591/, 2011.08.25. “Өдрийн сонин”/.

Энэ бүхнээс үзэхэд хүмүүс Ерөнхий сайдыг гаднынханд үйлчилдэг, үндэсний үйлдвэрлэгчид, бизнесчдийг үл тоодог, хөрөнгө мөнгө, авилга, хээл хахуультай орооцолдсон гэх зэргээр хардаж сэрдэж байгаа нь маш тодорхой харагдаж байна. Явуулж байгаа бодлого, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, Ерөнхий сайдын ажлын арга барилыг нь ч хурцаар шүүмжилж байгаа аж. Ард түмэн хардах эрхтэй. Тэд ил тод мэдээллийг ч шаардах эрхтэй. Саяхан УИХ-аар баталсан ил тод байдал, иргэдийн мэдээлэл олж авах эрхийн тухай хууль ч үүнд л чиглэж байгаа билээ.

Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооноос саяхан хэвлэлийн бага хурал хийлгэж “Ерөнхий сайд болон түүний ах дүү, хамаатан садангууд 100 гаруй хайгуулын лиценз эзэмшдэг юм байна... Оюутолгойн гэрээг ард түмэнд ашигтай байгуулах байсан ч тэр зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө ажиллаж байна. Ерөнхий сайд С.Батболд болон түүний ах дүү нар “Йист зон” компанийн Говь-Алтай аймгийн Эрдэнэ суман дахь алтны уурхай, зэсийн хайгуулын лицензийг эзэмшдэг аж. Мөн тус компанийн Ховд аймгийн Мөст сумын Шавагт хайрхан уулан дахь мөнгөний хайгуулын лиценз ч тэднийхний мэдэлд бий.

Ингээд зогсохгүй Ерөнхий сайд болон түүний хамаатан садангийнхны мэдэлд “Могол интернэйшнл” компанийн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ангаргийн нуруу, Увс аймгийн Өндөрхангай, Цагаанхайрхан, Ханхөхийн нуруу, Өвөрхангай аймгийн Хархориноос урагш хотын замын баруун талд, Архангай аймгийн Хашаатын “Цагаан чулуут”-д байдаг алтны уурхайн хайгуулын лиценз байдаг гэнэ. Тиймээс Ерөнхий сайдыг энэ бүхнийхээ учрыг тайлбарлахыг АН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо шаардаж байна” гэж мэдээлээд Ерөнхий сайд С.Батболдыг ирэх 9 дүгээр сарын 15-ны дотор огцрохыг шаарджээ /”Өдрийн сонин”, №203/3905/, 2011.08.25. Эзэмшиж буй 100 гаруй лицензээ тайлбарлахыг Ерөнхий сайдаас шаардав/.

Дээрх шаардлага дахь мэдээллүүд үнэн бодитой нь нотлогдвол иргэд сонгогчид, ард түмний Засгийн газарт итгэх итгэл бүрмөсөн унтарна. Бороогоулдын алтны дуулианаар нэр хүнд нь сүрхий толботсон Ерөнхий сайд алт, мөнгөнд яасан их шуналтай бэрд вэ л гэж харагдахаар байна. Баруун аймгуудаас эхлээд төв халхын бараг бүх алт, мөнгө, зэсний хайгуулын лицензийг эзэмшиж байгаа юм биш үү?

АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны зохицуулах зөвлөлийн гишүүн Д.Батсайхан “Өдрийн сонин”-ы сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа “Бид олон шалтгаанаас болж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг огцрох шаардлагатай гэж үзэж байгаа...
Авилга, хээл хахуульд идэгдсэн энэ Засгийн газар өдөр хоногийг өнгөрөөж иргэдээ хуурсаар л байна. Иргэдээ орон сууцтай болгох, Гэр хорооллын эрх зүйн байдлын тухай хуулийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг огцорсны дараа батлагдах байхаа” гэжээ /№089/3791/, 2011.04.07. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг огцорны дараа хууль батлагдах байх/.

“Ерөнхий сайд саяхан “Өнгөрснөө яриад яахав. Урагшаа харж явъя” гэж байна. Энэ бол идсэн уусан, луйвардсанаа мартаад шинээр луйвардъя, шинээр идье гэсэн лоозон шиг сонсогдсон. Монголд стратегийн 15 орд, стратегийн ордод багтах ёстой 39 орд гээд 50 гаруй томоохон ордын ард дандаа эрх мэдэлтнүүд байна. Эзэнгүй орд гэж алга” гэж УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэлж байхад УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Бид 20-200 өрхийг баяжуулах гэж ардчилсан нийгмийг байгуулаагүй. 2,8 сая хүн амтай, асар их баялагтай Монгол Улс ядаж хүн амынхаа 80 хувийг дунджаас дээгүүр орлоготой амьдруулах боломж хангалттай бий” гээд Ерөнхий сайд С.Батболд Тавантолгойн лицензийн төлбөр гэж 851,8 мянган доллар төлсөн юм билээ. “Тавантолгой бол улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд учраас угаасаа ард түмний баялаг” хэмээн анхааруулжээ. УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр “Хариуцлага гэдэг зүйл уул уурхайд алга. Засгийн газар хариуцлага хүлээж, сайд нар огцрох ёстой” гэжээ /“Зууны мэдээ” №88/3778/, 2011.4.11/. Засгийн газар алдаагаа засахгүй бол огцрох ёстой/. Ц.Шинэбаяр гишүүн дээрх санаагаа улам тодруулж нэн их уур хилэнтэйгээр “Энэ муу хэдэн авилгач өөрсдөө зайлах ёстой. Зайл гэж бид шаардаж байна. Төрөө цэвэрлэе... Одоо болоо ш дээ. Засгийн газрыг бид бишгүй харлаа. Тэдний хийж байгаа үйлдлүүд нь бүгд гэмт хэрэг. Юманд хэмжээ хязгаар гэж байдаг бол одоо болоо. Энэ Засгийн газар Монгол төр, ард түмний төлөө ажиллахгүй байна. Стратегийн 15 ордыг хэдхэн хүний мэдэлд өгчихлөө” хэмээн мэдэгдсэн байна /”Өдрийн сонин”, №092/3794/, 2011.04.11. Энэ муу хэдэн авилгач өөрсдөө зайлах ёстой/.

Өөдөөс нь үг хэлж шөргөлцөхөд тун хэцүү гүн гүнзгий үндэслэлүүдийг УИХ-ын гишүүд сөхөн тавьж байгаа юм биш үү. Энэ бүгд үнэн бол Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд энхийн цагаан тагтаа яагаад ч биш болж таарч байгаа юм. Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэг болохоор түүний удирдсан кабинетын сайдууд дотор /бүгдээрээ ч арай биш байхаа/ маапаантай улс цөөнгүй байх нь. Энэ талаар Ерөнхий сайдын унаган нутгийнх нь ах юү гэж бичсэнийг уншигч таны анхааралд хүргэе. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн нэрт сэтгүүлч Ц.Дашдондов бол Сү.Батболдын эцэгтэй найзалж нөхөрлөж явсан нэг нутгийнх нь хүн юм гэнэлээ. Тэрбээр би “Өнөөгийн Засгийн газрын өөг өөхөөр хучих гээгүй. Алдаа дутагдал гэвэл хангалттай гэх хэмжээнээс хэтэрхий давчихаад байна. Засгийн газрын сайн, муугийн шалгуур индикатор нь ажилгүйдэл, ядуурлыг аль хэр багасгасанд орших атал ахиц дэвшил ер харагдахгүй байна. Нэг хүнд оногдох малын тоо, газар нутаг, байгалийн баялгаар дэлхийд дээгүүрт ордог хэрнээ амьжиргааны түвшин асар доогуур хэвээр.

Хоёрхон сая гаруй хүнийг зутраахгүй залаад явж чадахгүй байгаа нь дээд эрх мэдэлтнүүдийн дэндүү лоймолынх. Хэнээс, юунаас болохоор энэ вэ? Ганц С.Батболдоос болоод байгаа нь юу л бол. Хяналтгүй төр, хариуцлагагүй дарга, сайд, хахуульд идэгдсэн байгууллагуудыг яалтай билээ. Харваас хачин хөгийн, олхиогүй гэвэл зөөлдөхөөр, ой гутам гэвэл онохоор “сайд” хэмээгчид хэд хэд байна. Эд нар С.Батболдын кабинетыг нэр нүүргүй болтол нь хөөдөж байна. Муугийн балаг олонд, могойн цус тэнгэрт гэгч энэ дээ” хэмээн гасалжээ. /Ц.Дашдондов. Эрээнтэй бараантай амьдралын минь эвлүүлэггүй тэмдэглэл. УБ, 2011, 97-98 дахь тал/. Үнэний ортой л болов уу. Гэхдээ кабинетыг Ерөнхий сайд өөрөө гардан удирдаж, залж чиглүүлдэг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.

Дээрх эрхмүүдийн үгэн дээр би ахиад нэг хүний санал бодлыг нэмж толилуулъя. Монголын улстөрд олон жил зүтгэсэн нийгмийн нэртэй зүтгэлтэн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Б.Лигдэн гуай “Өнөөдөр” сонины сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа “Засгийн газрыг сайн ажиллаж байна гэж хэлэхэд хэцүү. Төрийн өмч дээр л тоглосон баахан хүний дүр зураг харагдах юм. Тиймээс би хувьдаа Засгийн газрыг огцрох жамаараа огцрох нь зүй гэж бодож байна” гэж гүдэс шулуухан өгүүлжээ. /№062/4226/ 2011.03.15. Миний зориг, санаа мохоогүй байна/. Ингээд бодохоор хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэх, шүүмжлээд ч зогсохгүй яаралтай огцруулах ноцтой үндэслэл бодитой байгаа юм байна. УИХ-ын гишүүн Эрдэнийн Бат-Үүл Ерөнхий сайд Сү.Батболдыг огцруулах гарын үсэг цуглуулж байгаа нь зүгээр нэг улстөрийн хийрхэл, туйлшрал биш ажээ. Түүний саналыг УИХ-ын 19 гишүүн битгий хэл олон хүн дэмжих дэгээ дээ. Ц.Батбаяр, Ц.Даваасүрэн, Д.Балдан-Очир, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, С.Эрдэнэ, С.Бямбацогт, Н.Батбаяр, Р.Амаржаргал нарын зэрэг УИХ-ын гишүүдийн нэрс хөвөрч байна гэж “Өдрийн сонин”-ы 2011.8.29-ний №206-д мэдээлжээ. Ингэх гүн үндэслэл байгаа бололтой. МАХН-ынхан 2011 оны 6 дугаар сарын 11-16-нд “Та энэ Засгийн газарт итгэж байна уу. Тавантолгойг бүх ард түмэн эзэмших нь зөв үү, буруу юу?” гэсэн хоёр асуултаар орон даяар санал асуулга явуулсныг уншигчид санаж байгаа. Олонхи нь оролцож санал бодлоо ч илэрхийлсэн биз. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 86 хувь нь Засгийн газарт итгэхгүй байна гэж хариулжээ. 29823 хүнээс санал асуусан юм байна. 27500 хүн Сү.Батболдын Засгийн газарт итгэхгүй байна, 4233 хүн итгэж байна гэж хариулжээ. /”Зууны мэдээ”, №147/3837/, 2011.6.20. Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь нь хамтарсан Засгийн газарт итгэхгүй байна гэжээ/. Иргэд сонгогчдын дийлэнхийн санал бодол ийм байгаа ажээ. Хэвлэлд энэ сэдвээр гарсан шүүмжлэлт мэдээ мэдээлэлд үндэслэн задлан шинжлэл хийхэд ийм байна. Уншигчдад үндсэн санаа нь ойлгогдсон болов уу гэж итгэж байна.

Дээр дурдсан бүхнийг нэгтгэн дүгнэж үзвэл МАН ба АН-ын хамтран байгуулсан Засгийн газрын хоногийн тоо ерөнхийдөө гүйцжээ. Оройтоогүй дээр нь огцруулахаас өөр олигтой гарц үнэхээр харагдахгүй байна. Тэднийг одоохондоо эдийн засаг, ашиг сонирхлын нэгдэл л торгоон барьж байх шиг байна. Тавантолгойн бялуунаас аль болох их хувь хүртэхийг дор бүрнээ мөрөөдөн тэмүүлж буй бололтой. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хамтарсан Засгийн газар Монголын ард түмэнд ашигтай асуудлаар нэг ч алхам хийгээгүй гэж дүгнэжээ /2011.8.30-ны “Өдрийн сонин”-ыг харна уу/. Ардчилалд суралцсан, соёлтой улс орны Засгийн газар бол ард түмнээр шахуулж шаардуулахгүйгээр өөрсдөө гэмээ мэдээд огцордог практик бусад улс оронд түгээмэл байдаг. Сүхбаатарын Батболд яахыг харцгаах л бидэнд үлдэж байх шив дээ.

Миний бодоход Сүхбаатарын Батболд тэргүүтэй Монгол Улсын хоёр намын хамтарсан Засгийн газар зөвхөн огцроод зогсохгүй монголын ард түмнээс уучлал гуйх ёстой болов уу. Ард түмнээ хууран мэхэлнэ, газар шороогоо гадныханд найр тавьж худалдана, авилгал хээл хахуульд идэгдэнэ гэдэг бол төр засгийн жолоо атгалцаж буй дээдэст байж болшгүй гэмт хэрэг юм.

Сүхбаатарын Батболд лидер биш байна

Парламентын ээлжит сонгуульд ялсан улстөрийн намын дарга Засгийн газраа эмхлэн байгуулдаг практик ардчилал хөгжсөн улс орнуудад түгээмэл байдаг. Энэ замд ороод Монгол Улс хориод жилийг ардаа орхилоо. Сүхбаатарын Батболд 2008 оны сонгуульд ялсан МАХН-ын /сүүлд МАН болсон/ даргын хувьд хамтарсан Засгийн газрыг

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
Free Host | new york lasik surgery | cpa website design