Хэн нь худлаа яриад байна?


Монгол Улсад цөмийн хог хаягдал булж, устгах тухай гэрээ хэлцлийг Монгол Улсын Гадаад харилцааны яам АНУ, Японтой хийж байна гэсэн тэдээлэл гарах болсон. Энэ асуудлаар Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Озоны үндэсний албаны захирал, доктор, профессор Ц.Адьяасүрэн нарын байр суурийг сонслоо.

Г.Зандан шатар: Ийм гэрээ хэлцэл яригдаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна

-Цахим хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүмүүс Монгол Улсад цөмийн хаягдал булшлах тухай яриа хэлэлцээр гадаад улс орнуудтай хийж байгаа юм уу гэж их асууж байгаа. Үүний эх үүсвэр нь Японы “Майничи” сонинд гарсан албан бус мэдээлэл юм. Энэ талаар албан ёсоор мэдэгдэхэд Гадаад харилцааны яам болон Засгийн газар Монгол Улсын нутгаар дамжуулан тээвэрлэх, оруулж ирэх, булж булшлах талаар ямар ч яриа хэлэлцээр хийгээгүй.

Ийм гэрээ хэлэлцээр хийх учиргүй. Монгол Улсын энергийн тухай хуулиар, бодлогын хувьд ч гэсэн хог хаягдлыг тээвэрлэх, оруулж ирэх боломжгүй. Сүүлд энэ гэрээг нууцаар хийж, одоо зөвхөн үзэглэх дутуу байгаа гэсэн байсан. Ийм гэрээ хэлцэл хийгдээгүй, яригдаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Яг тэр мэдээллийн эх үүсвэрийг нь харвал хог хаягдаыг Монголд устгаж болох юм, тэгж үзэж байна гэсэн байна лээ.

Ямар шалтгаан зорилготой ийм мэдээлэл дэлхий нийтэд цацав гэдгийг тодруулж байна. Өөрийн Элчин сайдын яамдад уг мэдээллийн учир шалтгааныг тодруулах хүсэлт тавьсан. Мөн сүүлд Японы Элчин сайдтай уулзсан уулзалтыг энэ мэдээлэлтэй холбон тайлбарлаж байна. Энэ уулзалтаар бид тус улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах тухай ярилцсан. Хоёр орны эдийн засгийн харилцааны хэлэлцээрийг энэ ондоо багтааж байгуулна.

Харин ч эсрэгээрээ энэ уулзалтын үеэр Японы Элчин сайд Монголд цөмийн хог, хаягдал булах тухай мэдээлэл гарсанд гайхаж байгаагаа илэрхийлж, ямар учиртай болохыг тодруулан биднээс асууж, Япон улс ямар нэгэн байдлаар ийм яриа хэлэлцээр хийгээгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Мөн АНУ-ын Элчин сайдын яамнаас ч бас мэдэгдэл гаргасан. Энэ бол ор үндэсгүй мэдээлэл.

Гадаад харилцааны яам ч энэ талаар мэдэгдэл гаргасан. Эцэст нь энэ мэдээлэлтэй холбогдуулан хэлэхэд, Монгол Улсаас уран олборлож, үүнийг нь худалдан авсан улс эргүүлэн хог, хаягдлаа манай улсад булшилна гэсэн байсан. Одоогоор Монгол Улсад уран олборлоогүй гэдгийг тодотгон хэлмээр байна.

Ц.Адъяасүрэн: Санал тавьж байгаа Япон, Америк хүмүүсийн нэрийг нь хүртэл би мэднэ

-Энэ асуудлыг би олон жил судалж байгаа. Дээр үеэс Монголын говьд цөмийн хаягдал булшлах талаар ярьдаг л байсан. Намайг Засгийн газрын гишүүн, сайд байхад надаас ийм зүйл асууж байсан тохиолдол бий. Тэгэхэд нь би хэзээ ч ийм зүйл байж болохгүй гэж хэлж байлаа. Гэтэл яагаад болдоггүй юм, танай Монгол чинь өргөн уудам нутагтай, говь чинь эзгүй биз дээ гэсэн.

Тийм байж болохгүй. Цөмийн хаягдал гэдэг маш аюултай. Дэлхий дээр хог хаягдлыг хэд хэд ангилдаг. Ердийн, хортой, аюултай гэх зэргээр. Гэтэл аюултай хог хаягдаын дээдэх онц аюултай хог бол цөмийн хаягдал. Тийм байхад аль нэг улсын цөмийн хаягдлыг өөрийнхөө нутагт авчраад булж ерөөсөө болохгүй. Нэг тонныг нь сая ам.доллар битгий хэл миллиард ам.доллараар булъя ч гэсэн зөвшөөрөх ёсгүй зүйл.

Цөмийн урвал гэдэг хэчнээн сая жилээр үргэлжилж байдаг. Тэндээс үргэлж цацраг идэвх ялгарч байдаг. Байгаль дээр ч цацраг идэвх ялгарч байгаа. Гэтэл хүний өдөөгөөд орхисон цөмийн урвалыг хэзээ ч зогсоож болдоггүй. Хэрвээ Монголд цөмийн хаягдал булбал монголчуудын төдийгүй хүн төрөлхтний өмнө гай тарьж байгаа хэрэг. Яагаад улс орнууд өнөөдөр Монголд цөмийн хаягдал булах гээд байна вэ.

Ерөөсөө өргөн уудам нутагтай гэдгээр нь л тэгж байгаа юм. Тэд яагаад өөрийнхөө нутагт, оронд булж болдоггүй юм. Хэчнээн зардал гаргаж, мөнгө төлж өөр оронд булах гээд байна. Асар их хортой учраас л тэр. Тиймээс хэзээ ч зөвшөөрч болохгүй. Жишээ нь, Номхон далайн аралд байдаг Микронези гэдэг улс байдаг. Тэр улс тодорхой газарт цөмийн хаягдал булшилж байсан түүхтэй.

Түүнээсээ болж тэмцэл, хөдөлгөөн гараад, мөхөх шахсан гэхэд болно. Бид цөмийн хаягдал булах юм бол газар дороо цөмийн бөмбөгтэй боллоо л гэсэн үг. Саналын хэмжээнд л яваа. Япон, Америкийн хүмүүс санал тавьж байгаа. Би нэрийг нь хүртэл мэднэ. Гэхдээ түүнийг яриад яах вэ. Энэ саналыг хэзээ ч хүлээж авч болохгүй. Хэрвээ цөмийн хаягдлыг өөрийнхөө нутагдээр булшлахыг зөвшөөрч байгаа ямар нэг улстөрч байвал бид том хариуцлага тооцох хэрэгтэй.

Тэр хүн Монголын ард түмний өмнө түүхэн гэмт хэрэг үйлдэж байгаа хэрэг.


С.Энх
Эх сурвалж: “Монголын мэдээ”

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
Free Host | new york lasik surgery | cpa website design