Ашигт малтмалын хуулинд заасан харийнханы төлөө шургалуулсан заалтуудыг өөрчлөх “Оюу толгой”н улайрсан луйврыг зогсоох гээд Их хуралд суугаа арай нааштай Б.Батэрдэнэ Н.Батбаяр З.Энхболд нарын хориод нөхөд тэмцэл хийж хирэндээ үзэлцэж буй ч бусад 56 гишүүн нь огт хөдлөхгүй байгаа тул тэдний тэмцэл талаар болох нь илт бизээ.
Монголын төр “Гал үндэстэн” холбооны хэдэн нөхдийг шоронд хийж санаа амарсан билээ. Удирдагчийг нь бүр хэрэг сөхөж шоронд залхааж хашраасан тул Монгол одоо л номондоо орж байна. Монголын бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр тэднийг буруутгаж “мөнгөний шантаажлагч” “Хөдөөний шивэр хөлс ханхалуулсан нөхөд” “Балиар морьны баас нь цэвэр ариун хотыг маань бохирдуулж дууслаа” эсэн бусаар нь хэлж “ нум сумаар зэвсэглэсэн өөдгүй хог шаарууд” болохыг илчилж чамгүй сайн ажилласнаар эрх баригчдаас бас захиалагчаасаа гайгүй сайшаал шагнал хүртэцгээв. Угтаа гол ус бохироор эргэлдэж цианитийн уусмал болж, намтар түүхтэй Орхон гол хор агуулсан улаан шавраар урсаж суухыг, дээдсийн ундаалж өссөн хатан Туул гол бохирдож хүн мал амьтан амсах ойртох ч аргагүй болж бүх загас нь үхээд “Туулын уснаас амсахыг хориглоно” хэмээн уриалж, цөмийн хог хаягдлыг Монголд булшлахыг, үржил шимт дорнод монголын талыг Солонгосчуудад бэлэглэхийг, Оюу толгой, Таван толгойг дээгүүрээ гадныхантай сүлбэлдэж хэрхэн хувааж идэхийг монголчууд зүгээр л хараад суух хувь заяатайгаа эвлэрчээ. Орхон гол улаан шавраар урсаад бүтэн хоёр жил болоход дуг нойрондоо байсан Байгаль орчны яам сая сэрж ниргэсэн хойно нь хашгирч бүх юм өнгөрсөний дараа арга хэмжээ авсан болж жүжиг тавив. Учир гэвэл сонгууль дөхлөө, сайд нь дахиад их хуралд дэвших хүсэлтэй тул ард түмэндээ хайраа илчилж буцаж ирж буй нь энэ ажээ.
Бас хажуугаар нь аливаа жагсаал цуглааныг, зохион байгуулагчдыг үзэн ядах, шоолох сэтгэл Монголын нийгэмд хэдийнээ хэвшжээ. Баасан эмэгтэйг долоон удаа шоронд хийж номхоруулав. Жагсаал хийдэг Магнай, Бат зандан нарыг Монголын нэг номерийн дайснаар тодруулсан залуус улам хүрээгээ тэлсээр байна. Газар шорооныхоо төлөө үг хэлж ярьсан дуучин Жавхланг ч мэдрэл муутайг нь гайхаж муулсаар байх ажээ.
Угтаа Хятадуудтай, харийнхантай нийлээд уулыг нурааж талыг там болгож газрын баялгаа цөлмөж буй ч ард түмэн нь улам л ядуураад үгүйрч хоосроод байдаг нэг үл мэдэхтэй тэгштгэлийг монголчууд бодож бардаггүйдээ. “Пурам” “Монгол газар” “Алтан дорнод” “Сентеро Гоульд” гэх мэт олон компанууд ус мөрний эх дээр үйл ажиллагаа явуулж хууль журам зөрчөөд мөхсөн ертөнц болгоод орхисныг Мөнхбаяр нарын нөхдүүд эсэргүүцэн тэмцээд эцэст нь өөрсдөө тийнхүү шоронд орсноор үйл явдал ерөнхийдөө цэгцэрч авилгачид амар сайхандаа жаргаваа.
Газар шорооныхоо төлөө тэмцсэн монгол залууг хятадууд машинаар дайрч алахад Монголын шүүх түүнд хоёрхон жилийн ял өгөөд нутаг буцаав. Тамсагийн талыг там болгогч Хятадуудыг шалгаж зөрчилтэй үйл ажиллагааг нь зогсоосон ажилтнуудаа мэрэгжлийн хяналтын албаны дарга нь дарамтлаж ажлаас нь халав. Газар шорооны ус голоо хамгаалж тэмцэгчдийг дэмжсэн Давааг шоронд хатаасан хирнээ нэг муу алуурчинг суллаж тавиад нэгэн гэр бүлийг хүйс тэмтрүүлэв. Коммунист засаглалтай Хятадад өвөр монгол залууг дайрч алсан хятадыг олны өмнө цаазалж байх жишээтэй. Монголд хууль хэрхэн дампуурсаныг албан тушаал, мөнгө, авилга ямар хүчтэй монголчууд ёстой нэг мэдрэхээрээ л болж гутаж сууна. Хууль зүйн сайд гэж дүүрчихсэн гар ажлаа хийдэггүй дээ. Тэгсэн хирнээ иргэдийн жагсаал цуглааныг тараахад зэвсэгт хүчнийг ашиглахыг санал болгоод сууж байдаг.
Оюу толгой Таван толгой хэмээх үйлтэй хоёр толгой байнаа. Уг нь Эцэг өвгөд минь дэлхийг донсолгож, ертөнцийг сөхрүүлж байх зуураа үр хойч бидэндээ агуу их өв хөрөнгө үлдээжээ ..
Оросуудтай болохоор 51:49 харьцаагаар Эрдэнэтийг эзэмшээд хот тосгон байгуулаад үйлдвэр байгуулаад улс орныхоо хөгжилд тус нэмэр болоод байсан хирнээ Айвенху Майнзтай болохоор болдоггүй тэгээд бүх ашгийн 66 хувийг нь заавал Канадуудад өгөөд үлдсэн хэсгийг нь өөрсдөө худалдаж авах 30 жилийн гэрээ хийчихээд түүнийгээ зөвтгөөд нялх хүүхдийн толгой эргүүлж буй мэт балайрч суугаа манай сайдууд яг Канадын компаны Монгол дахь биет төлөөлөл менежер нь мэт аяглах нь уур хүрмээр. Нэгэнт менежерийн үүргээ онц сайн гүйцэтгэсэн тул цалингаа ч ахиухан авсан нь ойлгомжтой. Уг нь Шинжлэх ухаан техник технологийн өндөр төвшиний эрин үед газар дорхи уул шиг их баялгийг асар богино хугацаанд хэдхэн жилийн дотор ухаж зөөвөрлөн 30 жилийн дотор юу ч үгүй хоосон нүх үлдээгээд арилж одох боломж байгааг захын хүний толгойд ерэн настай чавганцийн ой ухаанд ч орохоор энгийн логик агаад тэнд дэд бүтэц сургууль цэцэрлэг эмнэлэг хот тосгон байгуулах үнэр ч алга байна. Ухаж зөөгөөд ашиг олзоо өвөртлөөд яайжгар эсгий гэрүүдийг нь үлдээгээд нутаг бултах зорилго харваас илт. Өнөөдөр 100 тоннын даацтай 5000 хүнд даацын самосвол өмнөд хязгаарт монголын хар алтыг цаг, нар, минут, секунд бүртэй уралдан монголын баялаг түүхийгээрээ далайн түлхэлт, үерийн давалгаа мэт урьд хилийн бүх боомтоор Монголоос Хятадруу тэрчигээрээ урсан орж байна. Монголын газар шороо цөмийн сүйрэлд орсон там мэт улаан шороо нарыг халхалж өдөр шөнө, тэнгэр газар ялгагдахгүй, хөл толгой нь мэдэгдэхгүй аймшигтай сөнөмөл ертөнц болон хувирч байна. Ойрын жилд дээр нь нэмэгдээд Оюу толгойн их баялаг энэ их урсгал дээр 1000 дахин нэмэгдэнэ.
Нутгийн малчид ард сүйрлээс дүрвээд хоёр зуун км хол дүрвэн одож залуус нь нийслэлд ирж шингэжээ. Зээр гөрөөс нь тал шиг цайвартаж байсан Тамсагийн зүүн хязгаараар, малчид нь дүрвээд эзэнгүй болсон өрнийн их говиор зорчоод үз. Энд эзэн нь юм шиг дураар дургих үй түмэн хятадуудтай л хаа саагүй тааралдах ажээ. Эх орны хойд хилд “Болд төмөр ерөө гол” компани 89 км төмөр зам тавиад төмрийн хүдрийг хятадууд зөөгөөд өдөрт 300-400 вагон хүдэр ургашаа урсаж байхад Эх орны зүүн хязгаарт тамсагийн хязгаарт хятадын 2500 нефт тээвэрлэгч газрын хөрсийг тэр чигээр нь эргүүлээд хаячихлаа. “Бор өндөр” “Хөшөөт, Цайрт менарал гээд хэдэн зуун орд газраас Монголын их баялаг их далайн урсгал болон тэр чигээрээ Хятад хэмээх ёроолгүй гүн савруу урсан орж байна. Монголд ийнхүү цунами болж байна Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж ард түмнээ ажилтай амьдралтай болгох хүсэл сонирхол төр засагт огт байхгүй.
Учир нь эх орны баялгийг түүхийгээрээ гадагш урсах тутам тэр их урсгалаас унац гаргаж авилга авч, халаасаа дүүргэж, тэр бумтан болох нь албан тушаалтны хувьд алдаж болохгүй алтан агшин ажээ. Сайншандын үйлдвэрлэлийн цогцолбор, нүүрс, нефт боловсруулах, үйлдвэрүүд, төмөр замын бүтээн байгуулалт, 5-р цахилгаан станц нэг ч алхам урагшаа хөдөлсөнгүй шав тавихаас хэтэрсэнгүй, явдаггүйдээ. Монголын их баялаг зуугаадхан гэр бүлийн халаасанд орж ард түмний 60 хувь нь ядуурч байна. Зэсийн баяжмалыг нэг тонныг 900-1100 доллараар гадагш нь урсгаж байхад зэс утас хийгээд гадагш нь гаргахад тонн нь 17000 доллар болж байгааг мянга тайлбарлаад нэмэргүй. Хариуцсан сайдыг нь эрх баригчид цээжээрээ хамгаалаад хир ч халдаахгүй ажээ.
Эх орны сөөм газрын төлөө цусаа урсгаж явсан дайчин өвөг дээдэс минь амьд сэрүүн байсан бол тэдний тахир сэлэмний ирэнд өчиггүй өртөх толгой олон байна. Эрүүл саруул УИХ байсан бол Наранцацралтыг Орост явуулсан бичигний ганц өгүүлбэрээс болж яаж хуссан шиг өчиггүйгээр бүх албан тушаалаас нь зайлуулах албан тушаалтнууд олон байна. Хойч үедээ газар доор ортлоо хараалгах үйл хийвэл хожмын хойно хэргийн эзэд тэдний үр удам хэдийгээр гадаадад хаус бариулж мөнгөө гаднын банкруу тэр бум тэрбумаар нь гуйвуулж байгаа ч Монгол оронд гишгэх газаргүй болтлоо зүхүүлэх болно гэдгийг ухаарах сэхээч алга. Түүх хожмоо хэзээ хойно ч гэсэн аймшигт тооцоо бодож эхэлдэгийг Сири Егепет африкийн орнуудын гашуун туршлага харуулаад үзүүлээд байдаг. Алтан дорнод Бороо Гоульдод хамаг алтаа тонуулсан гашуун түүх амьд жишээ өмнө нь дэлгээтэй байсаар байхад ийнхүү зүтгэхийн учир юу вэ.
“….Ганга нуурыг маань хэн нэг хүн өмчилж би тийшээ алхах эрхгүй, хөвөөнд нь хэдэн цаг хэвтэе гэтэл өч төчнөөн төлбөр нэхээд байвал Дарьгангынхан яах вэ? Хэрлэнгийн шугуйд хэсэг англи хүн тосгон байгуулчихаад тэр хавийнхан морио ч услах эрхгүй болбол яах вэ? Завханыхан Отгон тэнгэрийнхээ рашаанд очдог.
Нэг баян хужаа эзэмшчихсэн, Дундговийнхон их газрынхаа чулуунд очдог амеркийн нэг хөрөнгөтөн ирээд суучихсан, Өмнөговийнхон Ёлын аманд очдог Данийн нэг саятан сүвээгээ тулаад зогсож байдаг, Хөвсгөлийнхөн үзэсгэлэнт нуураа зориод очдог эргэн тойронд нь тор татаад Францын нэг тэр бумтан хэнийг ч оруулахгүй, дэлхийд том загасны үйлдвэр байгуулчихсан байвал яах вэ? Монголын тэнгэрийг,монголын өвс ногоог, монголын гол усыг, монголын газар нутгийг монгол хүн мэдэхээ болих цөвүүн цаг ирвэл, бид тулалдаанд орохоос өөр замгүй. Чухам ийм үед л “эх орон, эсхүл үхэл“ гэдэг дайчин уриа цэрэг, дарга, архичин, малчин, хулгайч, зохиолч, гуталчин, эрдэмтэн, ,хөгшид өвгөд,охид хүүхнүүд хэнийч тархинд харван орж ирэх бөгөөд “гэргий минь би чамд өөрөөсөө илүү хайртай, эх орондоо чамаасаа илүү хайртай, чинийхээ төлөө өөрийгөө ч хайрлахгүй, эх орныхоо төлөө чамайг ч хайрлахгүй” гэсэн мөрүүд найрагчийн зүрхэнд аяндаа харван орж ирэх бөлгөө” .
Их найрагч Очирбатын Дашбалбар агсан 25 жилийн тэртээ ингэж бичжээ. Энэ нь их найрагчиийн хувьд аймшигт хар дарсан зүүд байсан бол энэ зүүд нэгэнт биелэлээ олжээ.
Монгол улсын газар нутгийн 40.758.191.9 га буюу нийт газар нутгийн дөрөвний нэгтэй тэнцэх газар нутгийг леценз нэрээр 60-100 жилийн хугацаагаар харийнханд алджээ. Эртний түүхт гурван гол, Хэрлэн, Онон, Туулын сав нутаг, Хөвсгөлийн хорьдол сарьдаг, Үзэсгэлэнт Арын сайхан хангай, зэрэглээт цэнхэр говь бүгд багтсан.
Дархан цаазат Богд хан уулын ам болгоныг албан тушаалтанууд хуваан аваад тэнд сөөм газар ч үлдээгүй. Одоо тэгээд дархан цаазтай нутгийн хил хязгаарыг нь өөрчлөх хууль гаргах гээд их хурлын гишүүд нь гүйж явдаг гэнээ.
Төрж өссөн нутаг нь амьдарч оршин сууж буй газар шороо нь ийм болоход эрхэм алдар гавьяатнууд, эх орон минь газар шороо мину цээжээ балбадаг цуут эх оронч яруу найрагчид нөгөө эх орны тухай дуугаараа түрлэг өргөн дуулдаг тэд хаа байнаа.
Дарьгангын алдарт Жаахан шаргын нутаг хятадуудын хөлд дарагдаад эх орны баялагийг өдөр шөнөгүй урагш зөөж зээр гөрөөс нь тал шиг цайвартаж байсан тал там болоод ундны усны эх дээр хятадууд эзэн суугаад хүн мал тань уух усгүй хатаж хятадын нутагуу монголын тал нутагуу гэж эргэлзэж Францын нэг компани нутгийнх нь 20 хувийг эзэмшээд тахилагат Зотолхаан уулыг нь хүртэл өөрийн болгочихоод байхад нөгөө дарьгангын их найрагч Мэнд-Ооёо нь хаа явна вэ, аялгуу дуундаа ээж, нутаг хоёроо магтдан дуулдаг алдарт Чимэдцэеэ нь хаа явна.Өвөрхангайн Уянга сумын нутаг овоолсон шороо нүх болон үлдэхэд “Миний нутагт өссөн бүргэд хүний газар ясаа тавьдаггүй” хэмээн яруу уншдаг Өвөрхангайн яруу найрагч Ичинхорлоо хаана явна Өвөрхангайн суут хөгжимч Жанцанноров та хаана байна. цогт яруу найрагч ардын уран зохиолч Сүрэнжав хаана байна.
“ Ямар уудам юм бэ Монголын тал нутаг
Яасан уужуу юм бэ Монгол хүний сэтгэл” хэмээн дуулсан Төрийн шагналт Шарав, яруу найрагч гавьяат Загдын Түмэнжаргал хаа байна вэ.
“Цэрэг хүн танд хэрэгтэй цаг ирвэл
Бэхэнд нялхарсан гэлгүй намайг дуудаарай
Цэнхэр эх оронд минь дайсан халдвал
Цэцэн буугаа надаар сумлаж буудаарай” хэмээн шүлэглэх их найрагч Бавуугийн Лхагвасүрэн ч чимээгүй
“Алтай их хайрханы мөнх цагаан оргилоос
Аврага халимын сэрвээ шиг
Буйрын мөнгөн долгио хүртэл
Аралт тэргэнд хотойсон монгол шарын даваанаас
Алтан элс молцоглосон овоон ингэний ус хүрэл
Энэ насанд ганцхан заяах
Эх сайхан орон минь” хэмээн дуулсан Бадарч яруу найрагч байгаа болуу.
“Морьд эргэсэн наадмын
Дурдан доосоор дээлэн гоёдог
Монгол гэсэн зургаан үсэгтэй
Бурхан нэрээр нь дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог
Би монгол хүн
Бид эх орондоо хайртай” хэмээн үдэш болгон зурагтаар уянга яруу уншдаг соёлын гавьяат зүтгэлтэн Гүрбазар анд хаана байна. Таны гоёдог дэлгэсэн тэрлэг шиг монгол нутаг чинь харийханд талхалуулаад сэмэрсэн,урагдсан тэрлэг болж гүйцлээ. Гэтэл та нар хотын тохьлог хороололд дөрвөн хананыхаа дунд эх орондоо хайртай хэмээн орилж хашгирч, эх орон нутгийнхаа төлөө хэмээн дуулсаар суух ажээ. Ард түмэн шүтэн биширч хүндэлдэг алдар хүндийн эзэн Төрийн шагналт, Сувд морин хуурч Батчулуун Ардын уран зохиолч Галсан та нар яагаад дуугүй байнаа. Шатсан морин хуурны төлөө дусалсан нулимс эх орон газар шорооныхоо төлөө урс ч болоогүй юм уу. Алдар гавьяат тамирчид Алдар цуут аварагууд хаана байна. Олимпийн аварага Төвшинбаярын төрж өссөн Сайхан уулыг чинь Хятадууд эзэлсэн сурагтай.
Чөлөөнд байгаа эрхэм генералууд хурандаа нар, Тамсагт нефт олдоход баярлаад дээлэээрээ мялааж байсан ерөнхийлөгч асан Пунсалмаагийн Очирбатч сураг алга . Байгаль эхийгээ цөлмөн тонож, там болгож орондоо орох завгүй олзолдон тэмцэлдэж хөнжилдөө орох зав үгүй хөнөөлдөн булаалдаж буй ч Энгельсийн хэлсэнээр эх байгаль хожмоо өшөөгөө аймшигтай хатуу авах болно гэдгийг ухаарах сөхөө алга.
Хамгийн сүүлчийн булаг ширгэхэд
Хамгийн сүүлчийн шонхор Монголоос зугтан одоход
Хамгийн сүүлчийн ой тайрагдаж дуусахад
Хамгийн сүүлчийн янгир уулнаас бууж ирэхэд
Хамгийн сүүлчийн чоно улихад
Хамгийн сүүлд Монголын радио хятадаар мэндчилээд эхэлхэд.
Монголчууд алтнаас, уух ус үнэтэйг мэдэж эхлэнэ.
Монголчууд авилга ямар үнэтэйг сая л багцаалах болно.
Монголчууд нэгдэн нийлж тэмцэж чаддагүйнхээ гашууныг амсах болно
Монголчууд таван зуун жилийн настай хэмээх
Лев Гумалёвийн алдарт үгийг санах боловуу
Г.Алтангэрэл
МОНГОЛ ДАХЬ ЦУНАМИ .


0 Сэтгэгдэл:
Post a Comment