Монгол Улсад цөмийн хог хаягдал байршуулах олон улсын байгууламж барих төслийн талаарх мэдээлэл энэ оны дөрөвдү гээр сараас эхлэн гадаадын болон дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч эхэлсэн билээ. Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам энэ мэдээллийг үгүйсгэж, тусгайлсан тайлбар, мэдээлэл хийж байв. Гэвч шуугиан үүгээр зогссонгүй. Харин ч эх сурвалжууд улам нэмэгдэн, тодорсоор байна. Энэ талаар “Өнөөдөр” сонин хэд хэдэн нийтлэл хэвлэж, олны анхаарлыг энэ зүгт хандуулсан.
Монгол орон хэдий уудам дэлгэр ч гэлээ цөмийн хорыг эх орныхоо эрдэнэт хэвлийд булшилж, үр хойчдоо гэм нүгэл үйлдэхдээ тулаагүй. Улс орноо хөгжүүлэх, ядуурал үгүйрлээс гэтлэхийн тулд мөнгө санхүү хэрэгтэй ч ийм аргаар буюу ирээдүйгээ идэх хараахан болоогүй билээ. Чухам хүү ийм зарчмаар “Өнөөдөр” сонин асуудалд хандсаар ирсэн. Тиймээс хэрэг явдлын учир шалтгаан хийгээд бодит байдлыг дахин дэлгэн нээхийн тулд эх сурвалжуудын мэдээлэл, иргэд, эрдэмтэн, судлаач дын дүгнэлт, эрэл хайгуулд тулгуурлан энэхүү “РЕДАКЦЫН ӨГҮҮЛЭЛ”- ийг уншигчдадаа толилуулж байна.
ЯПОН
Япон Улс эрчим хүчний аюулгүй байдалдаа шар гэрэл асаасаар нэлээд хугацаа өнгөрлөө.Фүкүшима-1 АЦС-ын ослын дараа цөмийн эрчим хүчтэй холбоотой гай гамшгийн түүхэнд тус улс тэргүүн эгнээнд бичигдэх боллоо. Цунамигийн улмаас АЦС-ын I-III реакторын цөмийн тогоо хайлж, цацраг идэвхт бодис гадагш алдагдсан аюул одоо ч нүүрлэсээр байна. Алдагдсан цацраг идэвхт бодис хүнс болж, хэрэглэгчдийн ширээн дээр цези тээн очиж буйн тод жи шээ нь гуравдугаар сарын 11-ний өдрөөс хойш Фүкүшима мужид хадсан өвсийг идсэн үхрийн мах орон даяар тархсан явдал мөн. Газар хөдлөлтийн онцгой бүсэд байрладаг Х амао кагийн АЦС-ыг хаах шийдвэрийг Ерөн хий сайд Кан Наото гар галаа. Тэрбээр АЦСгүй Япон улс болохыг зорьж бай гаагаа өнгөрсөн сард илэрхийлс нийхээ хариуд нэлээд шүүмжлүүлж байгаа.
66 жилийн өмнө цөмийн бөмбөгт өртсөн Нагасаки, Хирошима хотын иргэдийн өмнө тэрбээр саяхан үг хэлэхдээ дээрх байр сууриа дахин нотлов. 54 АЦС-тай Японд 35 нь аль хэдийнэ хаалгаа барьж, үлдсэн 19 нь ажиллаж буй ч Кан Ерөнхий сайдын мөрөөдөөд байгаа АЦС-гүй Япон улс болох зорилт хэрэгжвэл ирэх хавар гэхэд нэг нь ч үлдэхгүй байж магадгүй л юм. Япон Улс цөмийн эрчим хүчийг ашиглах талаар сүүлийн 50 жил шургуу ажилласан улс. Үүнийхээ дүнд 54 АЦС, 20 мянга шахам тонн цөмийн хаягдалтай болж. Цөмийн хог хаягдал гэ дэг цөмийн зэвсэг гэсэн үг. Үүнээсээ салах нь энэ улсын толгойны өвчин болоод нэлээд удаж байгаа. Япон улс ОХУ-аас цөмийн эрчим хүчний түлшнийхээ багахан хувийг хангах уран авдаг. Энэхүү ураны зарим хэсгийг Англи, Францад боловсруулан хадгалдаг ба баяжуулах өртөг нь хэт өндөр байдаг аж.
Сүүлийн үед Их Британи цацраг идэвхт материалаа өөрийн нутаг дэвсгэрээс гаргахыг шаардах болсон нь Япон улсын хувьд уран боловсруулах, баяжуулах өөр газар хайхад хүргэж байна. Япон улс 1986 оноос АЦС-д ашиглагдсан цөмийн түлшний хаягдлаас плутон болон шатдаггүй ураныг ялган авч, түүнийгээ дахин түлш болгон хэрэглэдэг болсон. Үүнийгээ холимог түлш буюу MOX (Mixed oxide Fuel) гэж нэрлэдэг. Ийм дахин боловсруулах үйлдвэрийг асар олон жил, асар их өртгөөр барьж босгож буй. Үүнийгээ Аомори муж дахь Роккэжёо тосгонд байгуулж одоогоор туршилтын байдалд байлгаж байгаа. 2012 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Уг нь аль 1980-аад оны сүүлчээр ашиглалтад өгөх байсан ч 18 удаа хойшлогдсон. Мөн Тоокай тосгонд бага оврын бас нэгэн байгууламж бий. Ийнхүү эрчим хүчний эх үүсвэрээр ядмаг Япон улсын тухайд ураныг дахин боловсруулах, үхлийн зэвсэг болох плутоныг энергийн эх үүсвэрээ болгох (FBR) асар өндөр өртөг зардлаас айдаггүй юмаа гэхэд өндөр технологийн аюулгүй байдлыг хэр хангаж чадах вэ гэдэг асуудал түгшээж байна.
Япон улсад Монжюү гэдэг цөмийн үйлдвэр бий. Энэ бол цөмийн зэвсгийн үндсэн түүхий эд болох ердөө ганц грамм нь хэдэн сая хүнийг алж устгах чадалтай плутоныг цөмийн энергийн түлшинд ашиглаж, ашиглах явцдаа шинээр плутоныг төрүүлж байдаг “чөтгөрийн үйлдвэр” хочтой, плутони “өсгөврийн” газар юм. Энэ үйлдвэрийг жирийн АЦС болох хөнгөн уст реактораас өмнө судалгааны ажлыг нь эхлүүлж асар өндөр өртөг зарцуулсаар ирсэн. Гэвч одоогоор ашиг хангалттай өгөхгүй байгаа. АНУ, Франц, ХБНГУ, Англи зэрэг орон ийм төрлийн судалгааны ажлынхаа замын дундаас буцсан. Харин Япон халшрахгүй үзсээр Тоокай тосгонд “Тооёо” хэмээх үйлдвэрээр нэгэн шат, Фүкүй мужид “Монжюү” хэмээх үйлдвэрээр хоёр шат ахиулаад байгаа юм. Гэвч “Монжюү” үйлдвэрт 1995 оны арванхоёрдугаар сарын 8-нд натри дэвэрснээс гал гарсан бөгөөд одоогоор үйл ажиллагааг нь зогссон хэвээр байна.
Үхлийн галыг чөтгөрийн үйлдвэрт үйлдвэрлэхээр олон он жилийг зориулсан Япон гүрэнд байгаль эх Фүкүшима-1 АЦС-аар дамжуулж багахан сэрэмжлүүлэг өгсөн биз ээ. Жинхэнэ аюул Монжюү, Роккэжёо тосгонд бий. Осол гэмтэл гарвал Азид төдийгүй хүн төрөлхтөнд бодитой аюул тарих газар гэж хэлж болно. Одоогоор FBR технологийн хувьд Японоос өөр амжилт олсон газар алга байна. Япон мэргэжилтэн хичээнгүй сайн ч байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө өвдөг сөхрөх нь батлагдсан үнэн юм даа. Сүүлийн үед нар, салхи гэх мэт сэргээгдэх эрчим хүчний салбар луу Японы эрчим хүчний аварга компаниуд ханцуй шамлан орж байна. Японы Засгийн газар долдугаар сарын 29-ний өдөр “Эрчим хүчний реформ, байгаль орчны стратеги” дунд хугацааны хөтөлбөрийг нийтэд зарлажээ. Уг хөтөлбөрт цөмийн эрчим хүчнээс хэт хараат байдлыг багасгах төлөвлөгөөг хэрэгжүүлэх, цөмийн түлшийг дахин боловсруулах цогц бодлогыг багтаасан цөмийн эрчим хүчний бодлогоо бүхэлд нь эргэж авч үзэх шаардлагатай байгааг тэмдэглэсэн байна.
ХЯТАД
Дундад улс 2020 он гэхэд 70 АЦС-тай болох төлөвлөгөөтэй. Одоогоор 25 реактор барьж буй. Улсын хөгжил АЦС-аас хамаарна гэж тэд үзэж байна. Фүкүшимагийн АЦС-ын ослын дараа Хунань мужид байгуулахаар төлөвлөж байсан АЦСаа царцаасан сурагтай. 2008 оны Сычуанийн гамшгийн адил газар хөдлөх аюул уг мужид ойр. АЦС-аа томоохон гол мөрний ус ашиглаж хөргөөх технологитой энэ улсын хувьд Фүкүшимагийн осол маш том сургамж болсон. Асар том хөөрөг ашиглаж цөмийн тогоогоо хөргөх хятад технологи байндаа тусаагүйг саяын осол батлав. Хятад цөмийн түлшний түүхий эдээ Казахстан, Узбекистан, Намиби, Орос, Австралиас авдаг. Эднийд цөмийн эрчим хүчний “China National Nuclear Corp” (CNNC) болон “China Guangdong Nuclear Power Holdings Corp” (CGNPC) гэдэг хоёр том үйлдвэр бий. Хятадууд цөмийн нөөцөө, ер нь бүх төрлийн түүхий эдээ бага буурай, учраа олохгүй будилж яваа нөхдөөсөө авч нөөцөлж байх сонирхолтой улс. Өөрсдөд нь бий ч үүцээ задлах болоогүй гэсэн энгийн философитой.
Тэдний ураны хэрэглээ 2020 онд 20-25 мянган тн болно гэж үзэж байна. Хятад 1970 онд анхны АЦС-аа барьсан бөгөөд тэр үед гэхэд л 728 институт ажиллуулж байжээ. Цөмийн хог хаягдлаа элсэн цөл, Шинжаан Уйгар, Тагалмаканы цөлд байршуулдаг гэсэн яриа байдаг. Энүүхэн Лоб нууранд цөмийн туршилтаа хийдэг ч гэлцдэг. 2010 онд хятадууд ашигласан цөмийн түлшнээсээ уран, плутон гаргаж авснаа зарласан. Уг нь Япон аль хэдийнэ (1986 он) гаргасан гэдгийг дээр дурдсан. Уг технологийг 24 жилийн цуцалтгүй оролдлогынхоо үр дүнд өмнөд хөршийнхөн нээсэн гэж байгаа. Энэ дашрамд “уянгын халил” хийхэд урд хөршийн технологийн хулгай хэрээс хэтэрсэн гэдгийг дэлхий даяараа мэднэ. Зохиогчийн эрх, патент гэдэг ойлголт энэ янзаараа бол зөвхөн хятад хүний нэр дээр бичигдэх цаг ойрхон байна.
Япон, Францын хурдан галт тэрэгний оюуны эрх “аугаа хятад мэргэжилтний оюуны өмч” болж, Японы мэргэжилтнүүдийн хөх инээдийг хүргэж буй. Харин саяын осол хэн нь хэн бэ гэдгийг хэлээд өгөв бололтой. АЦС-ын аюулгүй байдал асар их асуудал дагуулах болсон энэ цаг үед 70 АЦС барих зорилт тавиад байгаа ХКН, төр засгийнхаа эсрэг ард иргэд нь дуу хоолойгоо сонсгох болов.
КАЗАХСТАН
2020 он гэхэд уран олборлолтын 70 орчим хувь нь Казахстан болон Африкийн орнуудад ногдоно гэж мэргэжилтнүүд тооцож байна гэж нэг судлаач бичжээ. Магадгүй л юм. Одоогоор Казахстан уран олборлолтоор дэлхийг олон жил тэргүүлж ирсэн Канад, Австралийг орхиж, эхний байрыг эзлэх болов. МАГАТЭ-ийн ивээл дор цөмийн түлшний олон улсын баазыг өөрийн нутаг дээр байгуулах Казахстаны 2009 онд гаргасан санаачилгыг АНУ ихэд дэмжиж байгаагаа энэ оны нэгдүгээр сард зарласан байна. Ийм аюултай төсөл хэрэгжүүлж байгаа нь хуучин ЗХУ-ын үеийн цөмийн туршилт хийж байсан Семипалатинскийн полигон болон Дорнод Казахстаны мужийн төв Усть-Каменогорск дахь Ульбиний металлургийн үйлдвэр байгаатай хол боотой гэх. Тэнд 1949-1989 онуудад ЗХУ нийтдээ 500 удаа цөмийн туршилт хийж, хорддогоо хордоод гүйцчихсэн газрууд ажээ. Дээд зэргээр хордсон 18500 ам км газар энэ дэлхийд өөр байхгүй гэнэ. Ульбиний металлургийн завод нь атомын цахилгаан станцын түлшний үрэл үйлдвэрлэдэг байна.
АЗИЙН БУСАД УЛС ОРОН
Фүкүшимагийн АЦС-ын ослоос хоёр долоо хоногийн дараа Тайландын Засгийн газар АЦСын таван реактор барихаар төлөвлөж байснаа зогсоожээ. Индонез, Филиппин, Малайз зэрэг орон АЦС байгуулах төлөвлөгөөгөө эргэн харж, царцаах бодлого барих болов. Япон улстай өнгөрсөн онд АЦС байгуулах гэрээнд гарын үсгээ зурсан Вьетнам улс оросуудын байгуулж өгсөн АЦС-1-ын хоёр реактор, Японтой үзэглэсэн АЦС- 2-ыг байгуулах гэрээний тухайд тоймтой шийд гаргаагүй байна. Фүкүшимагийн ослын дараа дэлхийн цөмийн эрчим хүчний бодлогод ихээхэн өөрчлөлт гарч байгаа нь Ази тивийг ч тойрсонгүй. Ази тивийн эрчим хүчний аюулгүй байдал, тэр дундаа АЦСын аюулгүй байдал сайнаар бус саараар дэлхийн анхаарлын төвд нэгэнт оржээ.
МОНГОЛ
Манай улс 2020 он гэхэд цөмийн эрчим хүчийг хэрэглээ болгож, АЦС-тай улс болно. 2050 он гэхэд цөмийн түлш үйлдвэрлэн, Араб зэрэг оронд экспортолж, хаягдлыг нь өөртөө хадгална хэмээн ярих болов. Манай улсад байгаль эх уран хэмээх ад шидийн, ховор, асар үнэ цэнэтэй баялгийг харамгүй заяажээ. ОУАЭА “Монгол Улс ураны асар их нөөцтэй орон, газар доорх ураны нөөц нь 150 сая тонныг хол давна, олборлож чадвал дэлхийд уран нийлүүлэлтээрээ эхний гуравт орох болно” гэж мэдэгдсэн байдаг. Энэ их баялгийг мөнгө болгох санаа манай улстөрчдийн толгойд аль хэдийнэ орсон ч хэрхэн, яаж, хэзээ, хэнтэй, ямар ашигтайгаар вэ гэдэгт л анхаарлаа хандуулахаас хэр хортой, хэдий хэрийн хохирол амсах вэ гэдгийг умартсаар. Чадвал дундаас нь мөнгө цохих санаархал мэдээж бий. Манай ураны нөөц баялаг дээр одоогоор дэлхийн ураны 80 гаруй хувийг атгадаг найман том акул компанийн тав нь ороод ирчихсэн хайгуул хийж, олзворлож эхлээд байгаа.
200 шахам лицензийг 30 гаруй компанид тараасан бололтой. Ураны салбарт улстөрчдийн гар нэлээд гүнзгий дүрэгдсэн байдаг. Манай улсын уран, цөмийн энергийн бодлогыг Цөмийн энергийн газар тойрсон хэдхэн хүн атгаж байдаг. Засгийн газар, УИХ-д энэ талаар тоймтой, дагнасан, мэргэжилтэн бараг байхгүй. Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат, ҮАБЗийн физикч Ц.Даваадоржийг эс тооцвол шүү дээ. Энэхүү бизнест төр, засгийн голлох зүтгэлтн үүд, улстөрчид болон А.Ундраа, Б.Чадраа нарын мэргэжилтнүүд оролцож байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичсээр байна. 2009 онд УИХ-аар “Цөмийн энергийн тухай” хууль батлагдсан ба хууль батлах, хэрэгжүүлэх хоёрын дунд асар их зөрөө бий. Нэгдсэн, урт хугацааны, тогтвортой, шинжлэх ухааны бодитой хөрс бүхий, улс эх орны эрх ашиг, ард иргэдийн эрүүл мэнд, байгаль экологид халгүй алсын хараатай бодлого байхгүйн улмаас ураны асар их нөөцдөө дулдуйдаж гадаадын хөрөнгө оруулагчдыг татах нэрээр олон оронд хамтарч ажиллах амлалт зэрэг зэрэг өгч, тэдний улам бүр өсөн нэмэгдэж байгаа ураны хэрэгцээ, цөмийн эрчим хүчний салбарт үүссэн толгойны өвчинд нь Монгол Улсыг татан орууллаа.
ДЭЛХИЙГ ДЭЛДИЙЛГЭСЭН ШУУГИАН
“Global Security Newswire” сэтгүүлд Монгол Улсад цөмийн хог хаягдлыг байршуулах олон улсын байгууламж барих төслийн талаар мэдээлэл гарсантай холбогдуулан Японы “Майничи” сонины Лондон дахь тусгай сурвалжлагч Айкава Харүюүки Монголд энэ оны дөрөвдүгээр сарын дундуур ирж ажилласныхаа дараа “Майничи” сонинд цуврал өгүүлэл нийтлүүлсэн. Х.Айкава Монголд байх хугацаандаа цөмийн энергийн холбогдох албаны хүмүүс болох “Мон атом“ ХХК-ийн захирал Р.Бадамдамдин, ГХЯ-ны Тусгай үүрэгт Элчин сайд А.Ундраа, ШУА-ийн ерөнхийлөгч асан Б.Чадраа нартай уулзжээ. Мөн цөмийн хог хаягдал байршуулах түшиц газар хэмээгдэх Говьс үмбэр аймгийн Баянтал, Төв аймгийн Баянжаргалан, Хэнтий аймгийн Дархан сумаар Б.Чадраагаар газарчлуулж явсан тухайгаа өгүүлсэн байдаг.
Өнгөрсөн намраас АНУ, Япон, Монгол Улсын холбогдох эрх бүхий албан тушаалтнууд уулзаж, Монгол Улсад олон улсын цөмийн хог хаягдлыг байршуулах, дахин боловсруулах байгууламж барихаар санал нэгдсэн бөгөөд арваннэгдүгээр сард Монголын Засгийн газар, УИХ-ын төлөөлөл Вашингтон хотод ажилласан болохыг уг цуврал нийтлэлд онцолжээ. Улмаар 2011 оны хоёрдугаар сард гэрээнд гарын үсэг зурахаар шийдвэрлэсэн ч Японы талын саналаар түр хойшлогдсон байна. Хэрэв уг оролдлого бүтэлтэй болоод цөмийн хог хаягдлыг тээвэрлэхэд хүрвэл дамжин өнгөрөх улс болон хүлээн авагч орон хүлээн зөвшөөрөх шаардлагатай бөгөөд Олон ул сын цөмийн энергийн агентлагийн тээвэрлэл тийн горимыг баримтлах шаардлагатай.
Дамжин өнгөрөх улс болох БНХАУ болон ОХУ-тай гэрээ хэлэлцээр хийгээгүй байгаа, мөн Монгол Улсын дотоодод ард иргэдийн эсэргүүцэл өндөр байх магадлалтай тул гэрээ нууцаар хийгдэж байсан гэдгийг Айкава Харүюүки онцолжээ. Монгол Улсад олон улсын цөмийн хог хаягдлыг байршуулах, дахин боловсруулах байгууламж барихаар шийдвэрлэвэл оронд нь цөмийн эрчим хүчний салбарт АНУ, Японы хөрөнгө оруулалт, технологийг нэвтрүүлэх, АЦС-ыг 2020 он гэхэд барьж бүтээгдэхүүн үйлдвэрлэх сонирхолтой байгаа талаар мөн нийтлэлдээ дурджээ.
АНУ-ын Эрчим хүчний яамны дэд сайд Даниэл Понеман, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нар “Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах салбарт хамтран ажиллах талаар Засгийн га зар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан гэдгийг ч тэмдэглэсэн байна. Энэ сэтгүүлч өөрийн бичсэн зүйл хөдөлшгүй үнэн гэдгийг дахин дахин албан ёсоор нотолж байгаа. Эдгээр нийтлэлийн дараа манай Гадаад харилцааны сайд болон холбогдох хүмүүс “Манай улсын хууль дүрмээр цөмийн хаягдал хадгалах нь битгий хэл нутаг дэвсгэрээрээ дамжуулахыг хориглодог тул ор үндэсг үй” хэмээн няцааж байв. Харин Японы Гадаад хэргийн дэд сайд Ч.Такахаши 2011.05.09-ний өдөр Токио хот ноо хэвлэлийн бага хурал хийж “Ийм яриа хэлэлцээ хийх гэж байсан” гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд “Одоогоор манай улс өөр улсад цөмийн хог хаягдлаа хаях байгууламж барих талаар тодорхой шийдвэр гаргаагүй байна” гэж албан ёсоор мэдэгдэв.
10-ны өдөр Токио дахь АНУын ЭСЯ-наас “АНУ-ын Засаг захиргаа Монголд ашигласан цөмийн түлшээ илгээх талаар хэлэлцээр хийгээгүй” гэж мэдэгдэв. Тайлбартаа “Майничи” сонины мэдээлсэн гурван улсын хооронд хийгдсэн хэлэлцээний явц болон цөмийн хог хаягдал хадгалах, дахин боловсруулах төлөвлөгөөний тухай огт хөндсөнгүй. Уг тайлбарт “АНУ ямар ч Засгийн газарт цөмийн түлш, хөрөнгө оруулалт, энэ бүхнийг багтаасан цөмийн эрчим хүчний аливаа үйл ажиллагаанд оролцох уу, үгүй юү гэдгийг харилцагч талын шийдвэрлэх эрхийг нь хүндэтгэн үздэг“ гэж онцолжээ.
Хүсэлт гаргасан манай талын шийдвэрлэх эрхийг нь харгалзаж байж Америк оролцож байгаа юм байна л даа. Мөн “Монгол Улс гадаадын цөмийн хаягдлыг нутагтаа хадгалаад 10 тэрбум доллар авахыг хүсэж байна” гэж Хятадын хэвлэлүүд мэдээлсэн тухай ОХУ-ын “Известия” сонин долдугаар сарын 22-нд бичжээ. Уг нийтлэлд “Монголд цөмийн хаягдал булшлах гэрээний төслийг Монгол Улстай үндсэндээ тохиролцсон. Өнгөрсөн оны есдүгээр сараас эхэлсэн Америк, Японы хүчин чармайлт ийнхүү амжилтад хүрч магадгүй болсон” тухай дурджээ. Гэрээ ёсоор монголчууд Америкт цөмийн цахилгаан станцад хэрэглэгдсэн түлш, хаягдлыг хадгалах үүрэг хүлээсэн байна. Энэ бүх ажлыг Олон улсын цөмийн энергийн агентлаг МАГАТЭ хянах бөгөөд хаягдал хадгалах агуулах сав барихад нь Монголд техникийн туслалцаа үзүүлэх гэнэ” гэж тэмдэглэжээ.
Асар уудам нутагтай, хүн амын бүтэц сийрэг, газрын гүний хөрсний эвдрэл багатай, газар хөдлөлтийн аюул ослын магадлал бага, хүн ам нь ноомой, улс төрийн хувьд тогтвортой ч авлигад дуртай улстөрчидтэй, мөнгө босгох санаархал, санаачилга дүүрэн, боловсрол багатай ийм нэгэн улс асар их нөөц бүхий ураны баялгаа эргэлтэд оруулах, цаашлаад АЦС-тай болох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Энэ хүслийг цөмийн хог хаягдлаасаа салах, асар өндөр өртөг бүхий АЦС барих төслийн зах зээлийг булаацалддаг, цөмийн аюултай технологийн өрсөлдөөний талбарт орших газар, зарах мөнгө хоёроос буцдаггүй аварга загаснууд үмхээд авалгүй яахав. Зүгээр үмхээд зогсохгүй олон улсын цөмийн хог хаягдлын бааз байгуулах, цаашлаад өндөр технологийн туршилт гээд жижиг улсын жижиг хүсэл дээр том улсын том санаархал томоор тоглох нь мэдээж шүү дээ.
НУУЦААР ГЭРЭЭ ХИЙСЭЭР БАЙНА
АНУ, Япон, БНХАУ, ОХУ-ын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр барим тавим өгүүлээд, шуугиад байгаа дээрх мэдээлэл бодитой гэдэгт эргэлзэх хэрэггүй аж. Манай улсын Гадаад харилцааны яамныхан өнгөрсөн сард Индонезийн Бали арал дээр Японы албаны хүмүүстэй уулзахдаа энэ асуудал нь манай улсын одоо мөрдөгдөж байгаа хууль эрхийн орчинд үл нийцэж байгаа болон ард иргэдийн дунд эсэргүүцэл өндөр байгаа талаар дуулгаж, Японы тал ч Монголын байр суурийн талаар ард иргэддээ мэдээлсэн байна. Мөн Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа баталгаажуулах гэрээг ОХУ, БНХАУ-тай байгуулахаар ярилцаад эхэллээ. Гэтэл Японы “Майничи” сонины 2011.07.31-ний дугаарт дахин “Монголд цөмийн хог хаягдал байршуулах төлөвлөгөө, Финландад баригдаж буй эцсийн боловсруулалт хийх байгууламж” нэртэй өгүүлэл нийтлэгджээ.
“Майничи” сонин “Цөмийн түлшний цогц үйлчилгээ нийлүүлэхтэй (CFS) холбогдох дөрвөн улсын харилцан ойлголцлын бичиг” (АНУ, Япон, Монгол, Арабын нэгдсэн Эмират)-ийг гартаа оруулсан байх агаад уг бичигт цөмийн түлш нийлүүлэх, уран боловсруулах, баяжуулах, ашигласан цөмийн түлшийг хадгалах, эцсийн устгал хийх зэрэг асуудлыг тусгасан байна. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх олон улсын конвенцэд нэгдсэн Монгол Улсын хувьд ураныг баяжуулах үйл ажиллагаагаа олон улсын санал санаачилгаар халхалсан байна. Манай Хамтарсан Засгийн газар “Майничи” сониныг худлаа бичсэн бол олон улсын шүү- хэд өгч болно. Тэд хийсэн гэ рээг чинь барьчихсан сууж байна шүү дээ. Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Жигжид “Цөмийн хог хаягдал Монголд булах талаар албан ёсоор хэлэлцээр хийснийг би санахгүй байна“ гэжээ. Мэдээж, цөмийн хог шаарыг Монголд булах тухай гэж гарчигласан гэрээ хаана ч байхгүй.
Харин “Цөмийн түлшний цогц үйлчилгээ нийлүүлэхтэй (CFS) холбогдох дөрвөн улсын харилцан ойлголцлын бичиг” гэсэн сайхан нэрээр халхавч хийж гэрээ байгуулж байгааг манай улстөрчид ийнхүү мэдэн будилж байгаа нь хамраа өндөрсгөх мэс засалд орсон дуучин бүсгүй “Би мэс засалд ороогүй” гэж мэлзэж суугаатай яг адилхан бай на. Улстөрчдийн хамар өндөр болжээ. Манай учир мэдэх, мэдэхгүй сэтгүүлчдийн бичиж буй шиг “Майничи” сонин “өдөөн хатгаж, Тавантолгойд ялаагүйдээ хорсож” бичээд байгаа юм биш ээ. Япон эх орон нь цөмийн хог хаягдлаасаа салах гэж оролдож байхад тэднийхээ эрх ашгийг хамгаалж суухын оронд мөнгө л өгвөл авъя гэж хөөрцөглөж байгаа монголчуудын эрх ашгийг хамгаалж, тэдний өмнөөс үнэнийг бичиж байгаа нь бидэнд сайндаа ч биш, ердөө л нийтийн баримталдаг ёс зүй гэдэг энгийн бөгөөд мөнхийн ухагдахуунд хөтлөгдсөн, худалдагдааг үй, ёс зүйтэй сэтгүүлчдийн эрмэлзэл, ухамсар, соёл л юм.
Айкава Харүюүкид монгол хүн бүхэн баярлах ёстой. Бас Японы судлаач Наото Амаки “Наото Кан Ерөнхий сайд Монголд байгуулах цөмийн хог хаягдал устгах байгууламжийн төслийг зогсоож чадах уу” гэсэн өгүүллээр амыг нь асууж байгааг бас дуулгая. Тэд өндөр хөгжилтэй улс орнууд бага буурай оронд ингэж “дээрэлхэх“ нь хэр ёс зүйтэй вэ гэж сэтгүүлч хүнийхээ хувьд асууж байна. Түүний энэ асуултад гаднынхны гар хөл болсон манай улстөрчид, цөмийн эрчим хүчний мэргэжилтнүүд, цаашлаад АНУ-ын Эрчим хүчний яам, Японы “Тошиба” корпораци юу гэж хариулах бол оо. Ярих, хийх хоёр нь ямагт эсрэг байдаг улстөрчдөдөө итгэснээс харь элгийн “Майничи” сонинд Монголын ард иргэд итгэх нь хавьгүй дээр юм биш үү.
Монгол Улсын Ерөнхийлөгч зургадугаар сард АНУ-д айлчлахдаа Ерөнхийлөгч Б.Обамад цөмийн эрчим хүчний салбарт хамтарч ажиллахаа илэрхийлж, АНУ-ын тал дэмжинэ гэжээ. Мэдээж шүү дээ. Мөнгө хэрэгтэй ч мөхөл сүйрлээ мөнгөөр худалдаж авч болохгүй. Учир нь АЦС байгууллаа гэхэд осол гарвал Монголд төдийгүй Азид цөмийн цохилт болно. Ийм тохиолдолд Монголд тарьсан жимс жимсгэнэ, мах ногоог хэн ч, хэзээ ч хэрэглэхгүй шүү дээ. Дайн тулаан болдоггүй юмаа гэхэд АЦС-ыг дэлбэлэхэд л зүйл дуусна. Атомын бөмбөгний хэрэг байхгүй гэсэн үг. Жижиг хэмжээний осол гарахад л аялал жуулчлалын салбар будаа. Украины Киев, Чернобылд жуулчид очихыг хүсдэггүйтэй адил Монголд нэг ч жуулчин ирэхгүй. Дэлхийн улс орнууд сэргээгдэх эрчим хүчний салбар руу анхаарлаа хандуулж байна. Цөмийн эрчим хүчний акул Япон улс хүртэл энэ салбар руу эрчимтэйгээр ханцуй шамлан орлоо. Герман цөмийн эрчим хүчний ашиглалтаа 2020 он гэхэд бүрэн зогсоох, түүнийг салхи, усны эрчим хүчээр солихоо зарлаж, тэр ч бүү хэл нүүрсээр ажилладаг зарим станцаа сэргээж байна.
Манай орны хувьд хямд төсөр эрчим хүч гаргаж авах нөөц бололцоо ихтэй. Учир нь Монгол Улс дэлхийд ховорхон нарлаг, цэлмэг тэнгэртэй, нарны болон салхин энерги ашиглах бүрэн боломжтой. Нүүрсний асар баян нөөцтэй, хэдэн үеэрээ барахгүй баян гэж ханхалздаг. Нүүрснээс хий гаргаж авах технологи руу зарим компани орсон байна. Шингэн түлш гэж бас нэг юм бий. Эдгээрийг ашиглах станцууд байгуулж, өөрсдөдөө хал бал багатай цэвэр технологийг эзэмших нь бидний хувьд бусдын алдааг давтахгүй байх давуу тал болох бус уу. Энэ талаар санаж сэдэж байгаа хүмүүс, компаниудаа дэмжих, дэмждэггүй юмаа гэхэд ажилд нь саад болохгүй баймаар байна. Монгол Улс эрчим хүчний асуудлаа шийдэхдээ алдаа эндлээр дүүрэн, дэлхийн улс орнууд татгалзаж эхлээд байгаа цөмийн эрчим хүчийг сонгож авах нь хэр зөв шийдэл вэ. АЦС, цөмийн эрчим хүч аюултай бөгөөд осолтой тоглоом.
Цөмийн хог хаягдал гэдэг бол ашигласан ураны хаягдал төдий бус түүнийг дахин боловсруулан плутон гарган авч, уран-плутоны холимог (MOX) түлш, FBR технологийн плутоны “өсгөвөр” буюу шатах явцдаа цөмийн зэвсэг-плутоныг дахин дахин төрүүлэх хүртлээ амжилт олоод байгаа хүн төрөлхтний бүтээсэн, бөхөж унтралгүй 20 гаруй жил асдаг чөтгөрийн гал шүү дээ. Зүгээр нэг хаягдал төдий зүйл энэ биш ээ. Ийм хаягдлаасаа салахыг оролдож байна, америкчууд, япончууд. Гэхдээ бага буурай оронд АЦС байгуулах нэрээр. XXI зуунд амьдарч байгаа бид үр хүүхдэдээ цөмийн ийм хог хаягдал өвлүүлбэл хор уршгийг нь шийдэх гэж олон зуун жилийг зарцуулах болно. Хагас хугас хор хохирол нь арилтлаа 100 мянган жил буюу бүр 1021-р зууныг хүргэнэ шүү дээ. Монгол Улс бусдын бүтээсэн, хүн төрөлхтний үр могойг хэвлийдээ тээх үүрэг хүлээж болно гэж үү.
МОНГОЛЫН УЛСТӨРЧИД ЧӨТГӨРИЙН ГАЛААР ТОГЛОЖ БАЙГАА НЬ ҮНЭН БАЙНА


0 Сэтгэгдэл:
Post a Comment