Осака-ОТГОНТЭНГЭР-Осака. /замын тэмдэглэл/

Зуны эхэн сар гаргаад олон жил хариагүй нутагтаа амраад ирлээ.
Улаанбаатарт буухын өмнө 10 жилийн өмнө амьдарч байсан Гуулин улсаар дайрч нэг хоноод цааш нисэв.
Хуучин танил Солонгос орон сэтгэлд нэг л ойр дотно санагддаг юм.
Түндэмүн дэх "Монгол таун" гэж нэрлэж заншсан байшингаар орж сонирхлоо. Карго, дэлгүүр, үсчин, гуанз гэх мэт газрууд өнөө л янзаараа ажиллаж байна.
Ажлын өдөр байсан болоод ч тэр үү хөл хөдөлгөөн нилээд багатай байлаа.
Миний мэдэхийн хагас, бүтэн сайнд битүү Монголчууд оволзож, чухам л энэ байшинг өргөөд аваад явчихна уу гэлтэй байдагсан.
Бороо шивэрсэн 6 дугаар эхэлж ХАНГҮГ орон бүхэлдээ ногоорчээ.
Харин олон жил хариагүй Монгол нутаг минь хэр зуншлагатай байгаа юм бол доо гэсэн бодол тээсээр нар ээсэн налгар өдөр Буянт -Ухаагийн дэнжид онгоц маань газардлаа..
.Эх нутгийн агаар cалхи нь цаанаа л өөр, сайхан шүү.
Шинэ , шинэ байшин барилгууд нилээд баригдаж хот өдрөөс өдөрт өнгө засч байгаа нь илт....
Машин тэрэг ч тоймгүй олон болж...Харин замын арчилгаа байхгүйгээс энд тэндгүй хагарсан хэмхэрсэн, нүх хонхорууд маш их байгаа нь хамгийн түрүүнд нүдэнд содон тусч байлаа.
Жолооч нар нилээд ур чадвараа гаргаж хөдөлгөөнд оролцох ба уралдан зүтгэж, бөөгнөрөн түгжрэх хоорондоо шүргэлдэж, мөргөлдөх асуудал байнга гардаг бололтой...
Улаанбаатар хоттой сайн танилцаж амжилгүй Отгонтэнгэр уулын тахилга наадамд оролцохоор төрсөн нутгийн зүг хүлгийн жолоог залах боллоо.

Яг тэр үеэс бензин шатахуун ховордож үнэд орж эхэлсэн цаг таарч, 2 машинтай гарч байгааг хэлэх үү нилээд зардал өндөртэй аялал болох шинжтэй байсан ч гэр орныхонтойгоо төрсөн нутгаа эргэж уул овоогоо тахих,өвөг дээдэс, эцгийн тавьсан газраа эргэх олон төлөвлөгөөтэй байсан болохоор алтан шар зам биднийг түших байхаа хэмээн найдаж аян замдаа гарцгаалаа..
Биднийг хотоос гарах үед газрын гарц төдийлэн жигдрээгүй, гандуу шаргал талдаа байв.
Там болгосон гэж цоллуулдаг Лүнгийн замыг арай гайгүй болгосон бололтой, гэхдээ л тааруу...
Өвөрхангай өнгөрөөд "Арвагар хээр" хэмээх алдарт хүлэгт зориулсан "Хийморийн төв" гэсэн нэртэй морины хөшөө босгожээ.


Замын улсууд бууж саатан зураг дурсгалаа татуулан явдаг бололтой.
Хайрхан дулаан сумын орчимд замын хоолны газраар саатлаа.
Тэр хавийн нутаг цөлжиж байгаа нь илт бөгөөд малын хамар хатгах өвс ногоогүй , элсээр шуурсан хэцүүдсэн газар санагдсан.
Урд нь манай нутаг ийм байгаагүй гэж шүүрс алдан ярих нутгийн иргэдийн яриа, амьдрахын эрхэнд усаа хүртэл худалдаж авч улаан зам тосон хоол цай хийсэн болж өдөр хоногийг өнгөрөөж буй нь эмзэглэмээр санагдсан.
Ингээд бид цааш хөдөлж Баянхонгор хотод шөнөдөө орж ирэхэд хур бороотой угтсан.
Байгаль дэлхий гангаа тайлаг гэлтэй өдөржин шөнөжин орсон бороонд тал хээрийн шаварлаг зөөлөн хөрс дэвтснээс машинаа шаварт суулган, татаж гаргах гэж жаахан саатсаныг эс тооцвол 2500 орчим км машинаар аяласан аялал маань үнэхээр сайхан байсан




Цаашид олон юм нуршихыг төвөгшөөн зураг оруулан тайлбар хадсугай.хэ хэ
Бичиж, найруулах ажил хийлгүй удсан тул үг, хэл молхи толхи болж найруулга зүйн алдаа ч олон байгааг ойлгож уучлах буй заа


Баянхонгорын нутагт

Үдшийн бүрийгээр нутгийн зах уруу орж ирж байна




















Отгонтэнгэрийн тахилга дээр авсан зурагууд
*********
Монголчууд уул овоогоо тахих ёслолыг нилээд өргөн дэлгэр хийдэг болжээ. Төрийн тахилгатай 4 уулын нэг нь БОГД ОЧИРВААНЬ хайрхан маань юм байна.
Тэр утгаараа хүмүүс маш их зорьж ирдэг гэнэ.Цугласан машин нь гэхэд л энэ жил 5000 орчим байсан гээд бодохоор ямархан их хүмүүс ирсэн нь ойлгомжтой.
Үүний өмнөх тахилгад бүүр ч их хүн, машин цугласан ба энэ жил бензин шатахуунаас болоод арай бага цуглалаа гэж нутгийн хүмүүс хөөрөлдөх...
Урд шөнө нь сар гарахын үед долоон бурхан одоо тахиж олон лам нар ном айлдацгаалаа.
Зохион байгуулж буй газраас нь хориглож цагаан хоолойгоор анхааруулж байсан ч энд тэндээс хүмүүс гэрэлт зүл хөөргөн шөнийн тэнгэрт нисгэх нь сонихон.
Маргааш нь ургахийн улаан нарнаар уулаа тахих газар луу машинууд хөвөрцгөөлөө.. Өндөрлөг газрын бартаа саад, уулын түргэн урсгалт голууд нь жинхэнэ машин техникийн шандсыг сорьж байлаа.
Хуучин муу, эсвэл туршлага муутай жолоочоосоо болж эвдэрч саатсан, усны голд унтарч зогссон машинууд нилээд харагдана лээ.





Би хэдийгээр сайн жолооч биш ч хүн амьтны байдлыг харзнах, туршлагатай жолоочоос заавар зөвлөгөө авах зэргээр яаралгүй зүтгэсээр зорьсондоо хүрч чадсан.
Улсын ерөнхийлөгч маань нисдэг тэргээр ирж бэлд нь буугаад маньтайгаа адил машинаар мацан ирж оролцоод буцаж байна лээ.
УИХ-ын гишүүд болоод нэр цуутай хүмүүс цөөнгүй харагдсан.
Уулаа тахих хэдхэн цагийн хооронд байгалийн олон сонин үзэгдэл ээлжилэн өнгөрч цас, бороо шамаргалан орох, нар хурцаар ээн солонго татах зэрэг нь үнэхээрийн гайхалтай байсан.
Үдээс хойш нь 32 бөх барилдаж, азарга их насны морьд уралдаснаас гадна Монголд анх удаа 999 морин хуурч цуглан хээр талд морин хуур эгшиглүүлсэн нь үнэхээр үзүүштэй сайхан наадам байсныг илтгэнэ.





*********************


Улиастайн замд,Ганцын даваан дээр
*
Энэ бөх хэний хэн бэ? /Завханы наадам дээр/








Энэ бол миний төрсөн нутаг
Завханы сайхан нутаг аа гэж...





Могойн голын ДЦС-ын шав тавих ёслол дээр
*********










Явах үед газрын өнгө хэдий гандуу байсан ч тахилга тайллаганы дараа хур бороогоо байгаль дэлхий харамгүй хайрлан өвс ногоо сугсран ургаж , хүн малын зоо тэнийсэн сайхан зун манай нутагт ирсээн.
Болдогсон бол нутаг орондоо үлдэж их зүйлийг хиймээр санагддагч сэтгэлийн хөөрөл, мөрөөдлөө даран байж Наран нутгийн зүг буцсан.
Хүний нутаг хэдийгээр сайхан ч гэлээ хүний л нутаг байдаг даа.
Амьдралын маань 12 жил харьд өнгөрчээ...
Харьсан шувуу эргэж , ирсэн гийчин буцдаг нь хүний хорвоогийн жам хойно нэг л өдөр Сайн байна уу? Эх орон минь ! гээд бууна даа.
БАЯРТАЙ! ОТГОНТЭНГЭР, КОННИЧИВА! ОСАКА.
2011 он.
Тайж нар Б.Эрдэнэболд

1 Сэтгэгдэл:

Anonymous said...

hynii nutagt olon jil baigaad eh nutagtaa ireh saihan baisan bailgyi. hynii nutagt hiih ajlaa duuseed eh orondoo hurdan ireerei. eh nutag chine hyygee hyleej suugaa shyy. zam zamiin dotroos gertee harih zam hamgiin saihan ni baidag yum shyy

Post a Comment

 
Free Host | new york lasik surgery | cpa website design