ӨМӨЗО-ы оюутан Д.С: Монгол нутагтаа амиа алдсан Монгол залуугийн амийг яагаад хэн ч нэхэхгүй байгаа юм бол доо?

Энэ сарын 21-нээс эхлэн ӨМӨЗО-ы Баруун Үзэмчин хошууны 100 гаруй малчин, Шилийн Голын их, дээд сургуулийн 2000 гаруй оюутны сүрт жагсаал ээлж дараалан болж, малчин н.Мэргэний амь насыг хөнөөсөн хэргийг сэргээх, хэрэгтэнг олж, хариуцлага тооцохыг шаардаж эхэлсэн билээ.
ӨМӨЗО-ы Шилийн Гол аймгийн Баруун үзэмчин хошууны Хоолт гол суманд БНХАУ-ын “Чүн Чен” компани нүүрс тээвэрлэдэг аж. Үүний улмаас бий болсон байгаль орчны аюулыг эсэргүүцэн энэ сарын 10-нд орон нутгийн хэсэг малчин жагсан, замыг нь хаасан гэнэ.
Гэтэл нэг Хятад жолооч нь “Нэг муу ӨвөрМонгол малчны амь 500 юань ч хүрэхгүй биз дээ. Дайрья” хэмээгээд эсэргүүцлийн хөдөлгөөнийг санаачлагч, малчин Мэргэнг дайрч, амь насыг нь хөнөөжээ.

Тиймээс 5 сарын 23-нд Баруун Үзэмчин хошууны малчид, 24-нд Шилийн Гол аймгийн оюутан, залуус жагссан юм.

Мөн энэ сарын 30-нд Хөх Хотноо ӨвөрМонголчуудын нэгдсэн жагсаал болох аж.
Тэдний тавьж буй гол шаардлага бол малчин Мэргэний амь насаа алдсан хэргийг сэргээж, буруутай этгээдэд ялын дээд хэмжээ оноох юм байна.

Уг мэдээлэлтэй холбоотойгоор ӨМӨЗО-ны Хөх Хотын … их сургуулийн оюутан Д.С-тэй qq.com мессенжэрээр холбогдов.

Тэрээр бидэнд жагсаалтай холбоотой гэрэл зураг тэргүүтэй мэдээллийг анхлан илгээсэн юм.

Сайн уу?

Сайн, сайн. Мэдээллийг нийтэлсэнд баярлаж байгаагаа манай нөхөд бүгд дайсан / дамжуулсан/ . Барууны том сонин, сайтуудаар бас гарсан байна. Энэ их чухал юм.

Баярлалаа, Мэргэний амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой шинэ мэдээлэл байна уу?

Байхгүй ээ. Шилийн Голын олон залуус түүнийг Өвөр Монголын баатрын ёсоор оршуулах санал гаргаж байгаа. Мэргэний хоёр хүүхэд нь бага насны хүүхэд. Нэг нь би заавал аав шигээ жинхэнэ Монгол баатар болно гэж яриад яваа. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд ӨвөрМонголын газар нутаг асар ихээр сүйдсэнийг эсэргүүцсэн хүмүүс Мэргэнээр дуусахгүй биз ээ.

Мэдээж танай хэвлэл мэдээлэл их хаалттай байгаа байх. Ирэх 30-ны жагсаалын тухай ямар сувгаар мэдээлэл тарааж байна?

Тийм ээ. Хонконгийн телевизээс өөр ямар ч Хятадын телевизээр Мэргэнийг хөнөөсөн тухай болон жагсаалын сурвалжлагыг гаргаагүй. “Одон” телевиз хүртэл.
Бидний нөхөд бүхий л мэдээллээр facebook.com -оор л дамжуулж байна. Хэдий Хятадууд уг сайтыг хаасан ч , тунел сайт ашиглаж, нэвтэрч болдог юм.
Ер нь сэтгэл байвал мэдээлэл дамжуулах бол амархан юм даа. Малчид айлууд хоорондоо болзоо товлож, 30-нд нийтээрээ цуглан, жагсаалд оролцохоор ярилцаж байгаа чимээ байна.

Монгол улсын нутагт мөн нэгэн Монгол залуу уурхайн эзний машинд дайруулж амиа алдсан хэрэг гарсан. Энэ талаар ямар бодолтой явдаг юм бэ?
Маш тоогүй юм. Хүн алсан этгээдэд нь 2 жилийн л ял өгсөн гэсэн байх.
Монгол нутагтаа амиа алдсан Монгол залуугийн амийг яагаад хэн ч нэхэхгүй байгаа юм бол доо? Монгол улсын нутаг дэвсгэрт Монголчууд та нар минь л эзэн байх ёстой баймаар юм. Үнэн ирэх байлгүй дээ.

Баярлалаа. Болж буй үйл явдлыг цаг тухайд нь хүргэж байгаарай.

Баярлалаа. Энэ сүлжээгээр мэдээ авч буй Монгол хүн бүртээ мэнд хүргэе ээ.

Х.Бадамгэрэл


0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
Free Host | new york lasik surgery | cpa website design