Францаас хулгайлагдаж ирсэн Энхбат агсны аав Д.Дамирантай ярилцлаа

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцыг хүн хулгайлсан хэргээр Лондонд саатуулан шалгаж байгаа. Б.Хурц тэргүүтэй Тагнуулын ерөнхий газрын нэр бүхий дөрвөн ажилтан Д.Энхбатыг С.Зоригийн хэрэгт сэжигтнээр татаж Францаас хулгайлж авчирсан нь өдгөө олон улсын шүүхийн өмнө асуугдаж эхэлсэн. Д.Энхбат өнөөдөр бидний дунд байхгүй хорвоог орхисон бөгөөд талийгаачийн аав Дамиранг олж уулзсан юм. Нас өндөр гарсан учир сулхан шивнэн ярих аж. Хүүгээ зүй бусаар алдсанаасаа хойш дуугаа хурааж хүнтэй огт ярихаа больсон гэсэн. Дотогшоогоо өмөрч яваа эцэг хүнтэй ярилцах нь тийм амар байсангүй. Хүүг маань хэлэхгүй муухайгаар хэлж зүхэж байлаа. Одоо нас барсан хойно нь ч ясыг нь өндөлзүүлээд яасан хэцүү орчлон бэ гэсээр бидний ярилцлага эхэлсэн юм.Танд юуны өмнө эмгэнэл илэрхийлье. Хүүгээ алдсан эцэг хүний сэтгэл маш хүнд байгаа. Таны хүү Д.Энхбат агсан холбогдсон хэрэг явдал өнөөдрийг болтол яригдсаар байгааг та юу гэж харж байна вэ?

Янз бүрээр хэлэгдсээр орчлонгоос яваад өгсөн, дандаа муу нэр зүүж явсан хүү маань нас барсан хойноо ч муу нэрээр дуудуулсаар байх юм. Амьдралдаа алдаж онож явсан хүүг маань муу муухайгаар дуудах ер нь хэнд ашигтай байдаг юм. Үүнийг би мэдэхгүй. Ер нь ингэж амьдарна гэдэг амьдын там. Надаар овоглож амьдраад хүний хорвоогоос дандаа л муу муухайгаар дуудуулаад буцсан нь эцэг миний хувьд маш хүнд тусдаг.

-Ер нь яасан гэж Д.Энхбат гэдэг хүн нийгэмд элдэв муугаараа дуудуулсаар хорвоогоос буцсан байдаг юм бэ гэж асуумаар санагддаг. Таныг хойд эцэг нь байсан гэх мэтээр янз бүрийн мэдээллүүд хэвлэлээр гарч байгаа нь харагдаж байна?

-Миний хүү надаар овоглосон. Хөгшин маань надтай суухаас өмнө хоёр хүүхэдтэй ирсэн нь үнэн. Би хойд эцэг нь үнэн. Гэхдээ би өнөөдрийг хүртэл аав хүний үүрэг, жирийн иргэний хувьд үүргээ нэр төртэй биелүүлж хөдөлмөрлөж ирсэн өвгөн. Зүй бусаар хорвоогоос хальсан миний талийгаач хүүг хойд эцэгтэй байсан. Энэ хүн эхээс төрөхдөө муу муухай явж, аав нь ч тодорхой бус байсан гэдэг сөрөг байдлаар нийгэмд тэр хүнийг хасаар будаж харуулах сонирхол хэнд байдаг юм бол гэж өвгөн би асууя. Энэ нь ёс зүй гэхээсээ илүүтэй дэндүү хүмүүнлэг бус хэрэг. Магадгүй хорвоод миний амьдрах хоног, цаг хугацаа ийм аймаар мэдээг сонсч хорогдсоор л байна. Хойд эцэг, бутач хүүхэд гэж ялангуяа талийгаач болсон хүнийг амьд байгаатай нь холбож үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр байцаж зохион байгуулалттайгаар гол асуудлаас холдуулж төөрөгдүүлэх, хараар будах гэж байгааг би харж байна. Би үр хүүхэдтэй өндөр настай хүний хувьд, эцэг хүний хувьд үнэхээр харамсч байна. Харууслаа гээд миний хүү эргэн босч ирэхгүй. Харууслаа гээд энэ хүний овог солигдохгүй. Би амьдралд хар цагаанаараа ялгарч үнэн тодорно гэсэн итгэлээр л бор хоногийг зогоож явна.

Д.Энхбатыг Францаас хууль бусаар баривчлан авчрах учир шалтгаан анхнаасаа юу байсан байдаг юм бол?

-Би талийгаач хүүгээ бүр жаахан бага байхад нь өөрөөрөө овоглоно гэдэг хүсэлтээ тавьж байж аав нь болсон юм. Тэгээд өнөөдрийг хүртэл Дамирангийн Энхбат гэж явдаг. Хүнд алдаа оноо зөндөө байдаг. Гэхдээ залуу насандаа омголон явсан, бусдад дээрэлхүүлэхгүй гэдэг хортой шартай миний хүү өнөөдрийг хүртэл дандаа муугаар хэлүүлж, гүтгүүлж явдаг. Талийгаач болсон хойноо ч өнөөдрийг хүртэл муу хүн байсан мэтээр бусдад ойлгогдох ямар гэм хийсэн юм бэ. Сонин хэвлэл дээр бичиж байгаачлан хүү маань бусдыг зодож, дээрэлхэж явсан ч байж болно. Алдаа хийсэн байж болно. Гэхдээ миний хүү хэзээ ч хүн алах хүн биш. Хувийн сэдлээр, улс төрийн захиалгаар эсвэл хэн нэгэн найзынхаа үгэнд орж хүн алж хүрээ талж бусдын амь насыг зүй бусаар хөнөөх хүн байгаагүй гэдэгт би итгэдэг. Итгэсээр ч байх болно. Итгэсээр энэ хорвоогоос явна. Яагаад гэвэл бүр багаас нь эхлэн эцэг гэж овоглож сэтгэлийг нь таньтлаа нэг гэрт амьдарсны хувьд энэ болгон дээр эцэг хүний хувьд итгэлтэй байдаг. Миний хүү сонин хэвлэл дээр бичигдээд байгаачлан улс төрийн хэрэгтэн, хүмүүсийн эрх ашигт оролцох хүн биш шүү. Миний хүү эрх чөлөөтэй өөрийнхөө дураар явсан тийм л хүн байсан. Найз нөхдөө худалдаагүй, өөрийгөө зольсон сэтгэлийг нь би хараад ямар хүн бэ гэдгийг нь илүү их мэдэрсэн. Намайг хойд эцэг гэж дайрч давшилж байгаа ч би хүүгийнхээ зоримог чин сэтгэлээр бахархдаг.

-Таны хүү хэдэн настайдаа нас барсан бэ. Тантай хамгийн сүүлд уулзахдаа юу гэж хэлж, захиж байв. Энхбатыг нас барахаас нь өмнөхөн шоронгоос сулласан байдаг юм билээ?

-Шоронд хоригдож зодуулан занчуулж байсан гэдгийг нь би сонин хэвлэлээс зөндөө олж уншиж байсан. Хүү маань хэзээ ч энэ тухайгаа надад ярьж байгаагүй. Аавыгаа сэтгэл санаагаар зовоогоод яахав гээд нарийн ширийн зүйлсээ ярьдаггүй байсан биз. Би мэдээллийг нүдний хараа сайн байх үедээ уншиж, чихний сонор сайн байх үедээ хангалттай сонссон. Шоронгоос гарчихаад хүү маань тогоо шиг том гэдэстэй хамгийн түрүүнд над дээр ирсэн. "Даваад гарсан шүү" гэж хэлээд уйлж байсан. Би тэгэхэд нь үнэн ялдаг юм байна гэдэгт итгэж үр хүүхдээ тойруулан сууж инээж хөөрч явсан нь андуурч байж. Энэ хэрэг явдал дуусаагүй юм байна. Хэн нэгэн хүнд хэрэгтэй болж. Хэн нэгэн хүн биднийг удам судраар нь дайрах, хараар будах, ийм гэр бүл шүү гэж нийгэмд ойлгуулах, ингэснээрээ цаана нь тодорхой санаа агуулсан юм байна гэдгийг нь ойлгож үр хүүхэд, хойч үедээ санаа зовсоор сууна. Санаа зовлоо гээд бүхнийг өөрчлөхгүй л дээ. Би бол тэтгэврийн хөгшин. Бид нарт амьдралдаа алдсан оносон аль аль нь бий. Бид хүүгээ зүй бусаар алдсан нь үнэн. Хэсэг бүлэг ашиг хонжоо хайсан хүмүүсийн золиос болсон гэдэгт би одоо хүртэл итгэдэг. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл биднийг зориудаар хараар будах гүтгэлэг дахин явагдсаар байдаг юм болов уу даа.

-Та өмгөөлөгчөөр нь ажиллаж байсан Л.Санжаасүрэн гуайтай хэр холбоотой байдаг юм бэ?

-Би тэр хүний тухай хүүхдүүдээсээ сонсч байснаас уулзаж байгаагүй. Би тэр хүнд их баярлаж явдаг. Тэр хүнд чадлынхаа хэрээр маань мэгзэм уншдаг. Сайн сайхан яваасай гэж сүү өргөдөг. Миний хийж чадах юм ердөө тэр. Өнөөдрийг хүртэл олон хүн үзэл бодлоо илэрхийлж байна. Би энә тал дээр хажууд нь байгаагүй, хэрэг нарийн ширийнийг мэдэхгүй хүн юугаа хэлэх эв. Миний хүүг өмгөөлөх хүн ёсных нь эрхийг хамгаалж байсан, үүнээсээ болоод шийт-гүүлеэн тэр хүний өмнөөс харамсдаг. Тэр хүн хүүгийн минь дэргэд байсны хувьд үнэн бодит байдлыг илүү их тод мэдэрсэн. Биднийг бодвол хуулийн байгууллагад олон жил ажиллаж байсан. Нэг ёсондоо хатаагдсан эр хүн. Яагаад тэр хүн өнөөдөр, одоо үзэл бодлоо илэрхийлж болсон бүх үйл явдлыг олон нийтэд үнэнээр нь хэлж болохгүй гэж. Дуугүй байгаад гайхаж байна бас ойлгож байна. Би өмгөөлөгч Л.Санжаасүрэнг та үзэл бодлоо илэрхийлээч ээ гэж гуймаар байна Ер нь энэ хэрэг дээр удам угсаагаар нь алдсан эндсэнийг нь дуудахаасаа илүүтэй яг бодит байдал юу болсон бэ гэдэг асуудлын голыг нь олж яриач ээ гэж олон түмнээс хүсмээр байна. Энэ бол магадгүй миний сүүлчийн гуйлт байх. Сайн сайхан цаг ирнэ гэж итгэж найдаж байгаад нэг сайхан чихэнд чимэгтэй мэдээ сонсчихоод хорвоогоос сэтгэл тайван буцахыг хүсдэг. Өмгөөлөгч Л.Санжаасүрэн гуайтай би өөрөө уулзаж байгаагүй ч тодорхой хугацаанд зовлон биднийг нэгтгэж байсан. Тэр зовлон дундаас үнэн үнэртэж байсан учраас Л.Санжаасүрэн өмгөөлөгчийг үзэл бодлоо илэрхийлээч, үнэнийг өгүүлээч гэж хүсч байна.

Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
Free Host | new york lasik surgery | cpa website design