АНУ-ын Виржиниа мужийн Арлингтон хотноо, охиныдоо ирсэн эмээ зээ хүүдээ үг сургаалаа хүргэх нь бүү хэл, ганц ч үг ойлгуулж чадахгүйдээ дэмий л бухимдана…
Их Британий Лондон хотын төвийн сургуульд бүх хичээлээрээ манлайлдаг монгол хүүгээс ангийнхан нь монгол бичгээр нэрээ бичиж өгөхийг хүсэхэд монголоор байтугай кириллээр ч зөв бичиж чадахгүйдээ сэтгэл нь зовж, эцэг эхээсээ асуутал тэд ч мөн монгол бичиг мэдэхгүйгээ хүүдээ ичин байж хэлнэ…
Японы хэдэн монгол оюутан нийлж, цагаан сараа тэмдэглэхээр шийдээд, чанасан махаараа таваг бэлдэх гэтэл хэн нь ч махаа хааш нь харуулж, хэрхэн тавих ёстойг мэддэггүй…Энэ бол харь оронд аж төрж буй монголчуудад маань байнга тохиолддог энгийн жишээ.
Тэл хэлтэн гэж хэнийг хэлдэг вэ?
Уг нь бол хүн хос хэлтэй, хос соёлтой байх нь олон төрлийн давуу чанартай юм. Гэртээ хоёр хэлээр ярьж заншсан хүүхэд код шилжүүлэх (code-switch) буюу нэг системээс нөгөөд шилжүүлэн сэтгэхдээ ганц хэлтэй хүүхдээс хавьгүй илүү байдаг байна.
Хэл шинжлэлд хоёр хэлийг ийнхүү адил тэгш эзэмшсэн хүнийг bilingual хэмээн томьёолдог. Гурван хэлтэй бол trilingual, тэгээд тэрнээс дээш хэлээр чөлөөтэй яриад эхэлбэл polyglot (грек: поли – олон, глот – хэл) гээч нь болно.
Угтаа бол bilingual хэмээх хэлшинжлэлийн нэр томьёо монгол хэлэнд бүр эртнээс байсаар ирсэн, Монгол Ганжуурт “тэл хэлтэн” гээд тодорхой байж байгаа. “Тэл” гэдэг нь “салаа”, “хос” гэсэн утгатай, өнөөгийн монгол хэлний “тэлээ хурга” гэдэгтэй нэг язгууртай үг. “Тэлээ хурга” гэж хоёр эхийг зэрэг хөхдөг хурга шүү дээ. Ганжуурыг монгол хэлэнд орчуулах үед монгол-төвд, монгол-манж, монгол-хятад тэл хэлтнүүд манайд олон байсан нь тодорхой, тийм ч учраас энэ жинхэнэ монгол нэр томьёог сэргээн хэрэглэж, “хоёр хэлтэн”, “хос хэлтэн”, “билингуал” зэрэг нэр томьёог халан, нэг мөр болгомоор байна.
Хүн хэрхэн тэл хэлтэн болдог вэ?
Ихэнх тохиолдолд гэртээ ээж, аав хоёр нь өөр өөр хэлтэй байж, тус тусынхаа хэлээр хүүхэдтэйгээ харьцсаар байтал хүүхэд угаас хэлд орохоосоо л тэл хэлтэн болж өснө. Ингэж өссөн хүүхэд хэрвээ тэр хоёр хэлээрээ аль алинаар нь бичиж, уншиж сурвал “жинхэнэ тэл хэлтэн” болдог байна.
Үүнээс гадна “нэмэгдэх тэл хэлтэн”, “хасагдах тэл хэлтэн” гэсэн ойлголт хэл шинжлэлд бий.
Анх нэг л хэлд ороод, хожмоо өөр хэлийг мөн гарамгай эзэмшсэн тохиолдлыг “нэмэгдэх тэл хэлтэн” буюу additive bilingual гэдэг. Хэлний айхтар авьяастай хүүхдүүд бага, дунд, дээд сургуульд гадаад хэлний хичээл үзсэнээр ийм шатанд хүрч болно. Өөр улс оронд суралцах, амьдрах явцдаа ч “нэмэгдэх тэл хэлтэн” болох боломжтой.
Миний бие Монголд олон жил гадаад оюутнуудад монгол хэлний хичээл заасан билээ. Тэдний зарим нь хүүхдээ монгол сургуульд оруулж, эсвэл монгол асрагч ажиллуулах зэргээр монгол хэлийг хүүхдэдээ сайтар сургахын зэрэгцээ эх хэл нь болох англи, герман, солонгос зэрэг хэлээ огт гээлгүй хадгалсаар байдаг. Энэ бол нэмэгдэх тэл хэлтэн.
Харамсалтай нь, одоо миний өгүүлэх гол сэдэв болох харьд байгаа монголчуудын маань үр хүүхдийн, заримдаа бүр насанд хүрэгчдийн хувьд байдал жаахан базаахгүй, учир нь тэд, тэд ч гэж дээ, бид чинь тэл хэлтний хоёрдахь ангилал болох “хасагдах тэл хэлтэн” буюу хэлшинжлэлийн нэр томьёогоор бол subtracting bilingual болчхоод байгаа юм. Зөвхөн монголчууд ч биш, ерөөс харь улсад ажиллаж, амьдрахаар очиж буй аль ч улсын гэр бүл, ялангуяа хүүхдүүд нь эх хэлээ аажмаар мартаж, очсон улсынхаа хэлийг илүүд үздэг нь нийтлэг үзэгдэл юм. Ийм тохиолдолд хүүхдүүд хоёр хэлтэй болох гэхээсээ илүү нэг хэлийг нөгөөгөөр сольж байна гэсэн үг. Судлаачдын үзсэнээр хоёр хэлнийхээ нэгийг гээх нь хүүхдэд бүр эртнээс ажиглагддаг аж. Ойролцоогоор хоёр ой хагастайдаа хүүхдийн тархи сонголт хийж эхлэх ба бараг дандаа тухайн амьдарч байгаа улсынхаа, өөрөөр хэлбэл олонхын хэрэглэж байгаа тэр хэлийг илүүд үздэг байна.
Тэгэхээр бид одоо харьд байгаа монголчуудынхаа хэл соёлыг хэрхэн хадгалж үлдэх вэ гэдэг асуудлыг ярих цаг нэгэнт болжээ. Бүр хоцорч ярьж байж ч мэднэ.
Адил төстэй жишээг авч үзье.
АНУ-ын Мэриланд мужийн Гэйтэрсбург хот дахь “Алые паруса” хэмээх орос сургуулийн захирал, “Орос хэл соёлыг хамгаалах Америкийн холбоо”-ны (цаадуул чинь ийм холбоо хүртэл байгуулчихсан байна ш дээ) дэд тэргүүн Светлана Соколова “Русская америка” гэж АНУ-д орос хэлээр хэвлэгддэг сонинд өгсөн ярилцлагадаа “АНУ-д орос хэл аюулд учраад байна. Их сургууль, дунд сургуульд орос хэлийг үзэх оюутан сурагчдын тоо эрс цөөрч байна. Нэгэнт орос хэлийг сонгон суралцахгүй болж байгаа учраас бүхэл бүтэн тэнхим, салбарууд хаагдаж байна… Эцэг эх нь хоёул орос хэлтэй гэр бүлд ч хүүхдийн орос хэл байхгүй болж байна…” хэмээн санаа зовон өгүүлсэн байдаг .
Энд яагаад гэнэт орос хэлний тухай ярих болов хэмээн өөнтөгч нэг нь гайхаж магад. Бүр 18-р зууны үеэс АНУ-д суурьшиж эхэлсэн, өдгөө 3 сая илүүгээрээ тэнд амьдарцгааж, 120 орос сургууль, хэдэн арван орос радио, телевиз, сонин сэтгүүл гаргадаг орос хэлтнүүд ингэж “орос хэл аюулд учраад байна аа” гэж эмээж, айж эхэлсэн байхад дэлхий даяар тархан суугаа цөөхөн хэдэн монголчууд бид суугаа суугаа газраа хэл соёлоо хэрхэн хадгалж үлдэх вэ гэдэг хир ноцтой асуудал болоод байгааг илтгэх гэснийх юм аа.
Бид өнөөг хүртэл юу хийгээд байна вэ?
Зүгээр хараад, хэлээ мартаад суугаад байсан гэвэл бас худлаа. Монгол хэл соёлоо хадгалах, түүнийгээ түгээн дэлгэрүүлэх талаар хилийн чанад дахь монголчууд ихийг хийж бүтээгээд байна. Улс хот бүрд байгаа монголчуудын холбоод наадам, цагаан сараас өгсүүлээд монгол баяр ёслол, соёлын холбогдолтой олон арван үйл ажиллагаа зохиосоор ирлээ. Монгол хэлээр сонин сэтгүүл хэвлэгдэж, вэб сайтууд гарч, тэр ч бүү хэл бие даасан телевиз, хувийн студиуд ажиллаж байна.
Уулзалт, хурал цуглаан, концерт зэрэг бол тасардаггүй. Монголчууд олноор суурьшсан хотуудад монгол сургуулиуд байгуулагдаж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Монгол хүүхдийн зуслан хүртэл хичээллүүлж үзлээ.
Гэвч чадахгүй юм бидэнд бас их байна аа.
• Наадам, цагаан сар зэргийг хотууд дотоод боломжоороо хийж байгаа учраас тэр болгон ёслол төгөлдөр, бүрэн гүйцэд зохион байгуулж чадахгүй байна. Хүүхдэд тухайлан зиулсан үйл ажиллагаа ямар ч ёслол, баяр дээр дутагдаж байна. Үүнд цаг зав, хөрөнгө мөнгөний бэрхшээл буй. Монгол улсаас хувиараа болон улсын шугамаар зарим уран бүтээлч очдог нь тохиолдлын шинжтэй, бодлого төлөвлөлтгүй байна. Дэмжлэг яах аргагүй хэрэгтэй байна.
• Вэб сайт, мэдээллийн хэрэгслүүд мэдээллийг маш хурдан хүргэж байгаа боловч хүүхдийн сэтгэхүйд тохирсон, хэл соёлын нэвтрүүлэг, унших материал дутагдалтай байна. Энэ тал дээр тодорхой хөтөлбөр боловсруулан ажиллах хэрэгтэй байна. Монгол сургуулиудад ихэвчлэн сайн дурын багш нар ажиллаж байгаа учраас мэргэжлийн бус багш нар хичээл заадаг, мөн хичээлийн хөтөлбөр, заах арга хангалтгүй, сурах бичиг, материалаар дутмаг байна. Мөнгө төгрөг авалгүй сайн дураараа хүч хөдөлмөр гарган ажиллаж байгаа багш нарыг мэргэжлийн бус түвшинд зааж байна гэж буруутгах бүр ч утгагүй. Тиймээс Монгол улс дахь өндөр мэргэжлийн заах аргачид, сурган хүмүүжүүлэгчид АНУ дахь багш, эцэг эхчүүдтэй хамтран ажиллаж, сургалтын цогц хөтөлбөр боловсруулах, вэб сайтууд, сургууль, соёлын төвүүд хамтран ажиллах хэрэгтэй байна.
• Эх нутагт маань заадаг цагаан толгой, хэлий хичээлүүдийн түвшин, хэрэглэх орчин, заасан арга, авсан жишээ зэрэг нь гадаад дахь монгол хүүхдүүдийн сэтгэхүй, орчны онцлогт таардаггүй, сонирхлыг нь татдаггүй нэг жижиг бэрхшээл байна. Тиймээс өөр тусгай сурах бичиг боловсруулах хэрэгтэй байгаа юм. Зүгээр яриад суухаар хурдан хийж эхлээч ээ гэж хэлэх хүн бас байдаг. Яг үнэнийг хэлэхэд ийм томоохон хөтөлбөр, сурах бичиг, хичээлийг тусгай мэргэжилтнүүд тусгай цагаар, цалинтай ажил, төсөл маягаар л гүйцэтгэхгүй бол үндсэн ажлынхаа хажуугаар хальт хийчих нь хэцүүгээс гадна чанаргүй болох аюултай байдаг юм.
• Гадаад олон улс, тив дэлхийгээр тархан суусан олон монголчууд, тэдний үр хүүхдэд адил тэгш хүрэх хичээл, цаг хугацааны хувьд хязгаарлалтгүй, боломжтой үедээ эхэлж болох сургалт зохион байгуулна гэвэл өнөөгийн мэдээлэлжсэн нийгэмд бол онлайн сургалтын маш сайн хөтөлбөр боловсруулах нь хамгийн зөв шийдэл байж болох юм.
Алдаагаа одоо өөрсдөөсөө нэг хайгаад үзье, бид юу хийж чадах билээ?
Уг нь бол төр засаг гэж уйлж суух биш, гадаадад суугаа монголчууд бид хэл соёлоо хадгалъя хэмээн өөрсдөө идэвх санаачилга гаргах нь хамгийн чухал алхам юм.
Мэргэжлийн биш юм чинь юу хийж чадах билээ хэмээн гайхах эцэг эх олон байдаг. Та заавал багш байх албагүй, харин ядаж гэртээ хүүхэдтэйгээ зөвхөн монгол хэлээрээ л харьцаад байх нь танаас хүүхдийнхээ ирээдүйд оруулах асар том хувь нэмэр шүү дээ.
Тэл хэлтэн, тэл соёлтон хүүхэд залуус даяаршиж байгаа дэлхийд бусдаасаа хавьгүй илүү байр суурьтай, боломжтой байх болно. АНУ-д төрсөн америкчууд тийм тэл хэлтэн болохын тулд маш их хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр зарна. Харин монголчууд бидний хувьд шинэ хэл заах гэж зовох биш, монгол хэлийг нь л хадгалаад байвал болох нь тэр. Англи хэлийг бол сургуульд ороод ямар ч хүүхэд маш амархан сурчихдаг юм аа.
Өөрсдөө хүүхэдтэйгээ англи хэлээр яриад байгаа мөртлөө хүүхдээ монголоор ярьдаггүйг нь гайхаад байдаг эцэг эхчүүдийг би ер ойлгодоггүй юм. Хэл чинь генээр, цусаар дамждаг, удамшдаг эд биш шүү дээ. Харилцааны явцад төлөвшдөг нийгмийн үзэгдэл. Та өөрөө монголоор ярихгүй бол хүүхэд чинь яаж монгол хэл сурах вэ дээ???
Хэлний идэвхтэй, идэвхгүй мэдлэгийн тухайд
Та зөвхөн монголоор ярьдаг, эргээд хүүхэд чинь зөвхөн англиар ярьдаг бол монголоор ойлгох хэмжээнд байх боловч ярих чадвар суухгүй. Үүнийг хэл шинжлэлд “хэлний идэвхгүй мэдлэг” гэдэг юм. Хамгийн багаар бодоход идэвхгүй ч болох нь ээ, мэдлэгтэй болгох, өөрөөр хэлбэл та өөрөө ядаж монголоор л яриад байх хэрэгтэй.
Та ч монголоор хүүхэдтэйгээ ярьдаг, зөрүүлээд хүүхдээ бас монголоор ярихыг шаардаад байвал сонсгол, яриа аль алиных нь чадвар, өөрөөр хэлбэл хэлний идэвхтэй мэдлэг тогтоно. Үүнийг та бүхнээс хичээнгүйлэн хүсч байна.
Гэвч энэ бас хангалттай биш ээ. Гэр зуурын хэл бол “хоолоо идээрэй, гараа угаасан уу?” зэргээс хэтэрдэгүй, гал зуухны хэл гээч нь байдаг. Хүүхэд жинхэнэ орчлон ертөнц, шинжлэх ухаан, утга зохиол, танин мэдэхүй гээчийг сургууль болон мэдээлийн хэрэгслээс л хүлээн авч байгаа учраас англи хэл нь л яг жинхэнэ ертөнц нь болон төлөвшинө. Тиймээс блж өгвөл монголоор уншдаг болгох хэрэгтэй. Ном хүн хоёрын харьцаа гэдэг ном компьютер хоёрын харьцаанаас илүү нэг тийм сайхан холбоо байдаг шүү дээ.
Ингэхэд яагаад Монгол хэл, соёлыг бид хадгалах хамгаалах хэрэгтэй билээ?
Тэл хэлтнүүд сэтгэлгээний хувьд илүү байдгаас гадна нийгэмд давуу байр эзлэх болж байгааг өмнө хэлсэн тул орхиё.
Монгол хэл соёлоо очсон газар болгондоо хадгалж, уусгалгүй авч явах нь Монгол гэсэн нэрийг дэлхийн өнцөг булан бүрт түгээж, монгол өрхийн галыг унтраалгүй хадгалах ач холбогдолтой билээ. Угаас аливаа улсын нэр, нүүрийг тухайн улс, засаг төрөөс нь илүүтэй тухайн газар ажиллаж амьдарч буй иргэдээр нь төлөөлүүлж ойлгодог билээ.
Анхны үеийн цагаачид угаас сайн ажил хийж чаддаггүй нь түүхэн баримт. Харин тэдний үр хүүхэд буюу хоёр, гуравдахь үеэс нь жинхэнэ том улс төрчид, бизнесмэнүүд төрөн гардаг. Хятад, Солонгос улсын засгийн газраас гадаадын томоохон улсууд дахь хятад, солонгос сургууль, соёлын төвүүдээ санхүүжүүлэн ажиллуулсаар ирсний үр ашиг аль хэдүйн гарчээ. Мөнөөх үндэстнээс төрсөн шийдвэр гаргагчид, парламентийх нь гишүүд, томоохон хөрөнгө оруулагчид хэл соёлоо хадгалсаар ирсний хүчинд эцэг эх, өвгөдийнхөө улсад маш их хөрөнгө эргэн оруулахад нөлөөлдөг ажээ. Ингээд бодохоор өнөөдөр төр засгаас дэмжлэг болон гарах мөнгө ирээдүйд хэд нугараад эргэн орж ирэх боломжтой.
Энэхүү өгүүллээ АНУ-ын хэлшинжээч Дора Жонсоны үгээр төгсгөе: “Америк, Англи зэрэг улсад шинээр ирсэн иргэдийн хувьд англи хэлийг маш сайн эзэмших маш чухал шаардлага байгаа нь ойлгомжтой. Гэвч тэдний хувьд эхийнхээ өвдөг дээр өсөхдөө ярьж асан тэр хэл, соёлоо хадгалах дутуугүй чухал шаардлага байгаа юм аа. АНУ-д, бусад улсад ч тэр, шинэ иргэдийг англи хэлийг сурахыг сайтар шахан дэмждэг атлаа эх хэлээ хадгалахыг нь дэмжин, хөхиүлдэггүй. Энэ бол үндэстнийг үгүй хийж буй явдал юм. Уг нь бол жинхэнэ тэл хэлтнүүд – жинхэнэ тэл хэлтэн гэж би хоёр хэлийг хоёуланг нь ижил хэмжээнд маш сайн эзэмшсэн хүмүүсийг хэлж байгаа юм шүү-тийм жинхэнэ тэл хэлтнүүд нийгэмд дэндүү илүү байр суурьтай. Тэд хоёр соёлыг зэрэгцүүлэн эзэмшиж чадна. Даяаршиж буй дэлхийд тэд харилцаа хэлхээний жинхэнэ гүүр болж чадна. Бид яг л ийм хүмүүсийг бэлдэх арга замыг хайх ёстой ”
Энэ дашрамд дурдахад, эх хэлээ мартаж байна хэмээн санаа зовох энэ асуудал зөвхөн хилийн чанад дахь монголчуудад л хамаатай асуудал биш юм. Миний үеийнхэн дотор Монголдоо өссөн хирнээ орос сургууль төгссөн, монгол хэлэндээ тааруухан сэхээтнүүд олон бий. Одоо бол янз бүрийн гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургуулиар яваад, монголоороо ярьж чадах ч бичгийн хэл эзэмшээгүй залуус бас л олширч байгаа юм билээ. Энэхүү өгүүллийн маань гол санаа тэдэнд ч мөн хамаатай л юм.
Тийм ээ, элэг нэгт эрхэм монголчууд аа, эцэг эхчүүд ээ, багш, сурган хүмүүжүүлэгчид ээ, төр засгийн бодлого боловсруулагчид аа,
Үр хүүхдийнхээ нэг хэлийг нөгөөгөөр солих бус, харин жинхэнэ тэл хэлтэн болгохын төлөө хамтдаа зүтгэе.
Мягмарын Саруул-Эрдэнэ (АНУ дахь Монгол Соёлын Төв)
www.sonin.mn-ээс авав
Монголчууд аа, үр хүүхдээ жинхэнэ тэл хэлтэн болгоцгооё


0 Сэтгэгдэл:
Post a Comment